Трамп, Зеленский нарын уулзалт газар нутгаа өгөх эсэх маргааны улмаас ширүүсжээ. 2025 оны 10-р сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Зеленский нар Цагаан ордонд уулзав. Трамп Зеленскийд “Энэ дайныг дуусгахын тулд танайх газар нутгаасаа Орост өгөх хэрэгтэй” гэж хэлсний дараа тэдний уулзалт ширүүсэж эхэлжээ. Энх тайван тогтоох тухай уг уулзалтын үеэр Доналд Трамп уурлаж, хэд хэдэн удаа хоолойгоо өндөрсгөсөн гэж эрх баригчид мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард Нью-Йорк хотод Зеленскийтэй уулзсаныхаа дараа “Орост алдсан газар нутгаа Украин бүгдийг нь буцааж авах боломжтой” гэж хэлж байв. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Зеленскийг Цагаан ордонд айлчилж ирэхээс өмнөхөн Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна. Үүнээс ч болсон уу, Трамп одоо “Энэ дайныг дуусгахын тулд Украин газар нутгынхаа зарим хэсгийг Орост өгөх шаардлагатай” гэж ярих болов. Мөн Украинд алсын зайн тусгалтай “Томахавк” пуужинг нийлүүлэх болоогүй байгаа гэж мэдэгдэв. Трамп яг хэний талд ажиллаад байна вэ?
Тэгвэл өчигдөр Трамп энэ асуудлын талаар “Би Украиныг энэ дайнд ялна гэж хэлээгүй. Ялж магадгүй л гэж хэлсэн. Дайн гэдэг их ярвигтай зүйл учраас юу ч тохиолдож болно. Сайн, муу маш олон зүйл тохиолдоно” гэж мэдэгджээ.
Доналд Трамп өөрт нь алсын зайн тусгалтай “Томахавк” пуужин өгнө гэж горьдож очсон Украины Ерөнхийлөгч Зеленский Цагаан ордноос сэтгэл дундуур, баргар царайтай гарч явжээ. Ах нь дүүдээ чихэр өгнө гэж горьдоож байгаад, молиго үмхүүлж байгаа юм шиг л заваарсан юм болж байна.
Израил, Хамас бүлэглэлийн дундах Газын зурвасын дайныг дуусгасан Доналд Трампын хувьд одоо Орос, Украины дайныг дуусгах нь тэргүүн зорилт болсон. Зеленскийг АНУ-д очихоос өмнө Трамп руу баасан гарагт залгаж ярихдаа Путин “Украин Донецк мужийн зүүн хэсгийг өгвөл Херсон болон Запорожье хотын Оросын эзэмшдэг хэсгийг өгье” гэсэн санал тавьжээ. Хэрэв Украин энэ саналыг зөвшөөрвөл стратегийн хувьд чухал газар нутгийнхаа ихээхэн хэсгийг алдана гэсэн үг.
Ням гарагт Трамп энэ талаар “Миний бодлоор Украин аль хэдийнэ Донецк мужийнхаа 78%-ийг Орост алдчихсан байгаа. Украин, Оросын талууд яг одоо галаа зогсоогоод, хүмүүсийн амийг хий дэмий үрэхээ болиод, гэртээ харьцгаах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN

