Хүний чихэнд 6 булчин байдаг бол, бидний тэжээвэр амьтан муурны чихэнд 32 булчин байдаг ажээ. Тэд уг онцлогоо ашиглаж бүдэг, холын чимээг сонсохын тулд чихээ тэр зүгт чиглүүлж чаддаг ба муурнууд чихээ 180 градус эргүүлж чаддаг байна.
Муур анх төрөхдөө чихний суваггүй төрдөг ба эхээс дөнгөж гарахдаа юу ч сонсож чаддаггүй гэсэн үг. Харин тэд төрснөөсөө хойш 7 хоногийн дараа чихний суваг нь нээгдэж эхэлснээр дуу чимээг сонсох чадвартай болдог.
Зарим муурнууд огт сонсголгүй байдаг. Тодруулбал, цэнхэр нүдтэй, цагаан өнгийн муурнуудын 80% нь огт сонсголгүй байх нь элбэг тохиолддог ажээ. Энэ төрлийн муурнуудын 20% нь л сонсох чадвартай байдаг гэсэн үг.
Муурнууд маш сайн сонсголтой. Та 4 давхар гэрийнхээ 1 давхарт лаазтай хоол задласан ч тэд 4 давхраас сонсоод гүйгээд ирэх чадвартай байдаг. Дуу авианы давтамж, хүрээлэн буй орчин зэргээс хамаарч муурнуудын чих 700 метр хүртэлх зайд буй бүх чимээг сонсох чадвартай байдаг.
Хэдийгээр муурнууд маш сайн сонсох чадвартай ч гэлээ гэрийн эзэн нь тэднийг нэрээр нь дуудахад тоож харахгүй, сонссон ч сонсоогүй юм шиг дүр үзүүлдэг нь энгийн үзэгдэл билээ. Энэ нь муурнууд байгалиасаа “Интроверт” хүмүүс шиг ганцаараа байх дуртай зантай нь холбоотой юм. Таныг сонссон ч тоодоггүй шалтгаан нь тэд ганцаараа байхыг хүссэнтэй холбоотой.

