horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Монголын улс төрийн байдлын талаар “Reuters” агентлаг ингэж онцолжээ

post-img

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын санал хураалтаар Ерөнхий сайдыг огцруулсан нь Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн үйлдэл гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Энэхүү шийдвэр нь эрх баригч нам дотор эдийн засгийн асуудлаар үүссэн зөрчил улам даамжрах эрсдэлтэйг харуулж байна гэж шинжээчид хэлжээ.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын санал хураалтаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж 10-р сарын 22-нд Үндсэн Хуулийн Цэц үзсэн байна. ҮХЦ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд орж шийдвэр гаргасан бөгөөд У.Хүрэлсүх даваа гарагт Г.Занданшатарыг огцруулах парламентын тогтоолд хориг тавьсан юм. Ерөнхийлөгч уг тогтоолд “Санал хураалтыг буруу аргаар явуулсан” гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн 6-р сард Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангаар удирдуулсан МАН-ын эсрэг байр сууриа хамгаалах хүлээлттэй байна гэж Эдийн Засгийн Шинжилгээний Хүрээлэнгийн ахлах шинжээч Сюй Тяньчэн мэдээлжээ. 2027 оны сонгууль болохоос өмнө Г.Занданшатар илүү болгоомжтой, консерватив шинжтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд авлигын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахад төвлөрч ажиллаж байгаа юм. 

Гэвч ийм сөргөлдөөн нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, бодлогыг гацаанд оруулах аюултай гэж шинжээчид хэлж байна. Энэ нь амьжиргааны өртгийн хямралыг улам хүндрүүлж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх оролдлогыг саатуулж болзошгүй. Төрийн тогтворгүй байдал урт хугацааны төлөвлөлтөд саад болж, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Төрийн албан тушаалтнууд улсын хөрөнгийг завшсан, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон гэх олон нийтийн бухимдлыг намжаах шахалтад Монгол Ардын Нам орж байна. 4 сарын өмнө авлигатай холбоотой асуудал нийслэл Улаанбаатар болон бусад хотод өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахад хүргэж байсан юм.

“Монгол Ардын Нам доторх хагарал, тэмцэл 2027 он хүртэл үргэлжилж, улс төрийн байдал тогтворгүй байх вий гэж би санаа зовж байна” хэмээн ахлах шинжээч Сюй Тяньчэн хэлжээ. Мөн тэрээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүмүүсийг хамгаалахаар оролдож байгаа ч түүний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөхийн хэрээр улс төрд үзүүлэх нөлөө нь суларч байна. Харин Д.Амарбаясгалан болон түүний холбоотнууд улс төрд ноёрхохын тулд хүчтэй тэмцэх болно” хэмээн нэмж хэлсэн байна.

0/1000