horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Монгол дахь “Ангараг” гаригийн бааз жуулчдыг сансрын нисгэгч болгох гайхалтай аяллыг эхлүүлэхээр төлөвлөж байна

post-img

Таны аяллын 25 дахь өдөр. Та Ангараг гарагийн цастай оргилуудаар хүрээлэгдсэн, соёл иргэншлээс хол орших унтлагын газартаа сэрлээ. Гадаа -30 хэмийн хүйтэн байна. Бясалгал хийж, хөлдсөн банштай өглөөний цайгаа уусныхаа дараа танай зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийнхан дулаан дотуур хувцасан дээрээ сансрын хувцсаа өмсөөд элсэн шуурган дунд даалгавартаа гарна.

Энэ бол зүүд биш. Энэ бол Монголын Говь цөлийн гүнд байгуулагдаж буй Ангараг гаригийн амьдралыг дуурайлган бүтээсэн, жуулчдад зориулсан нэг сарын турш амьд үлдэх сорил юм.

“MARS-V” хэмээх энэхүү төслийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төвтэй MARS-V төрийн бус байгууллага хэрэгжүүлж байна. Тэд Говьд хүн төрөлхтнийг Ангараг гариг руу аялахад бэлтгэх зорилготой бүрэн хэмжээний туршилтын бааз байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 2029 онд анхны жуулчдаа “Ангараг гарагийн дуураймал бааз”-даа хүлээн авах төлөвтэй байна.

Яагаад Монгол гэж? Дэлхий дээр Ангараг гарагийн газарзүй, уур амьсгалтай хамгийн төстэй газар бол Монголын Говь юм. Говийн байгаль халахдаа 45 хэм хүртэл халж, хүйтрэхдээ -40 хэм хүртэл хүйтэрдэг, маш хуурай, ширүүн уур амьсгалтай нутаг юм. Төмрийн исэлтэй улаан хүрэн өнгийн хөрс нь Ангараг гаригийн гадаргатай төстэй улаан өнгөтэй бөгөөд яг л Ангараг гариг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Говийн алслагдмал байдал, өндөрлөг байрлал, эрс тэс температурын хослол зэрэг нь уг газрыг шинжлэх ухааны үүднээс онцгой үнэ цэнтэй болгодог ба эрдэмтэд болон сансрын нисгэгчдийг Ангараг гариг дээр амьдрахад бэлтгэх сургалт, дадлага хийхэд төгс орчин болгодог ажээ. Мөн Ангараг гариг руу илгээх тоног төхөөрөмж, роботуудыг туршихад ч хамгийн тохиромжтой газар юм. Харин MARS-V төсөл энэ бүхнийг аялал жуулчлалтай хослуулахаар шийджээ.

“MARS-V” компанийн гүйцэтгэх захирал Доёдхүү овогтой Энхтүвшин уг төслийн талаар “Алслагдсан орчинд амьд үлдэх нь та бүхний гол зорилго юм. Та өөрийгөө өөр гараг дээр байгаа мэтээр төсөөлөх сэтгэлзүйтэй байх ёстой. Дүрэм, журмийг ягштал мөрдөхгүй бол амь насаа алдана гэж төсөөлөх хэрэгтэй” гэж хэлжээ.

Дуурайлгасан орчинд амьд үлдэх нь Оролцогч бүр бие бялдрын, сэтгэлзүйн болон оюун санааны шалгалтуудыг өгч тэнцсэний дараа хүчилтөрөгчийн дэглэм барихаас эхлээд тусгаарлалт дахь сэтгэлзүйн тэсвэр хатуужлыг хүртэл хамарсан гурван сарын виртуал сансрын нисгэгчийн сургалтад хамрагдана.

Та Монголд ирснийхээ дараа Улаанбаатар хотод шинэ хамт олонтойгоо хамт гурван өдрийн биечлэн хийгдэх дадлага сургалтад оролцоно. Үүний дараа та гар утсаа хураалган, соёл иргэншлээс алсран холдож, Ангараг гаригийг санагдуулам улаан тоос татуулсан бартаат замаар 10 цаг явж төслийн талбайд хүрч очино.

MARS-V компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин: “Энд ирснээр асам уудам газар, хязгааргүй уудам сансарт ирсэн юм шиг мэдрэмж төрнө. Говь танд “Max Mad” киноны ертөнцөд орсон юм шиг мэдрэмж төрүүлнэ. Энэ бол үзэсгэлэнтэй ч гэлээ бас хатуу ширүүн уур амьгалтай газар юм” гэж хэлжээ.

Жуулчид энд ирснээс 1 сарын турш яг л кинон дээр гардаг сансрын бааз шиг загвартай унтлагын капсулуудад унтаж, витамин ууж, бясалгал хийж, өглөөний цайгаа ууж, өдрийн даалгавар гүйцэтгэх болно. “Оролцогчид удаан хугацаанд дэлхийгээс хол байж үзээгүй болохоор эх дэлхийгээ санах болно. Ийм алслагдсан орчинд удаан амьдрах нь тэдний сэтгэлзүйд яаж нөлөөлөхийг бид мэдэхгүй тул бясалгал хийх нь энэ сургалтын маш чухал хэсэг юм” гэж MARS-V компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хэлсэн байна.

MARS-V баазад ирсэн хүмүүс өдрийн цагаар гарч, газарзүйн зураг буулгаж, хөрснөөс дээж авах гэх мэт сансрын нисгэгчдийн хийдэг олон үүрэг даалгавруудыг гүйцэтгэнэ. Тэд өдөрт заасан цагт тусгай хэрэгслээр дэлхий рүү (MARS-V төслийн багтай) холбоо тогтоох боломжтой. Уг сургалт 10-с сараас 3-р сар хүртэлх хугацаанд буюу Говь хөлдсөн өвлийн цагаар явагдана гэв. “-27 градус бол дулаахан өдөр л гэсэн үг” гэж MARS-V компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хошигнон хэлжээ. Сургалтанд хамрагдах жуулчдыг хөлдөөсөн банш, хонины махан шөл зэрэг хөлдөөж хатаасан Монгол хоолнуудаар дайлах бөгөөд энэ нь сансрын нисгэгчдийн барьдаг хоолны дэглэмтэй ижил санагдахын сацуу мөн нутгийн өв соёлыг хүндэтгэж буй хэлбэр юм.

MARS-V компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин “Монголчууд бид алслагдмал газарт, хязгаарлагдмал хоол хүнстэйгээр олон мянган жилийн турш амьдарч ирсэн түүхтэй. Бид энэ санаагаа л өөр гариг дээр хэрэгжүүлж буй хэрэг” гэж хэлсэн байна.

SpaceX болон Blue Origin компаниуд Ангараг гариг руу хүмүүс илгээх тал дээр сүүлийн хэдэн жилийн турш идэвхтэй ажиллаж байгаа. Тэд сансрын аялал жуулчлалыг сурталчлан таниулахын тулд Katy Perry, Tom Hanks, Kim Kardashian зэрэг олны танил хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байна.

SpaceX-ийн Ангараг гариг руу хийх аяллын төлбөр ойролцоогоор 28 сая ам.доллар болох бол, Ангараг гариг руу явахын тулд тийм их мөнгө төлж чадахгүй хүмүүст зориулсан MARS-V амралын газар Ангараг гариг шиг төстэй уур амьсгалтай орчинд 1 сар амрах боломжийг нэг хүний 6,000 ам.долларын төлбөрөөр олгохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: CNN

0/1000