АНУ-тай хийсэн, цөмийн зэвсгийн зориулалттай плутони элементийг устгах гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр албан ёсоор цуцалжээ. АНУ, ОХУ “Плутонийн менежмент ба устгалын тухай гэрээ”-г 2000 онд байгуулж, 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү гэрээний хүрээнд АНУ, ОХУ хоёр хүйтэн дайны үед нөөцөлсөн асар их хэмжээний плутонигоос тус бүр 34 тонныг устгаж, цөмийн эрчим хүчний зориулалтаар ашиглахаар тохиролцсон байв. 34 метр/тонн плутони ойролцоогоор 17 мянган ширхэг цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай гэж АНУ-ын эрх баригчид тооцсон байна.
Орос улс 2016 онд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болохоос өмнө, Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед тус гэрээний хэрэгжилтийг түр зогсоосон байв. Тэгвэл даваа гарагт Путин тус гэрээг бүрмөсөн цуцалжээ.
Украинтай хамт энх тайвныг сахиулах Доналд Трампын саналыг Орос улс хүлээж аваагүй. Путинтэй хийхээр төлөвлөж байсан уулзалтаа Доналд Трамп үүний дараа “Цагийн гарз” хэмээн цуцалсан юм.
Орос улс 2022 онд Украин руу дайрснаас хойш Барууны орнууд ОХУ-ыг цөмийн зэвсгээр сүрдүүлж байна гэж буруутгаж ирсэн. Дайны эхэнд Путин цөмийн зэвсгүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, дараа нь цөмийн зэвсэг хэрэглэх босгыг бууруулах зарлигт гарын үсэг зурж байв.
Харин ням гарагт Орос улс цөмийн шинэ төрлийн зэвсэг болох далавчит пуужингийн сүүлчийн туршилтаа амжилттай хийж дуусгасныг Путин зарласан байна.
Эх сурвалж: France24

