АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Ази-Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Өмнөд Солонгост айлчилж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён алтан титэмний хуулбар, мөн Солонгос улсын хамгийн үнэ цэнтэй одон болох “Мугунхвагийн их одон”-гоор Доналд Трампыг шагнаж, хүндэтгэл үзүүлжээ. Доналд Трамп уг одонг хүртсэн анхны америк Ерөнхийлөгч болсон байна.
Трампын Азийн улсуудаар хийж буй айлчлалын сүүлийн улс нь Өмнөд Солонгос. Үүнээс өмнө Малайз, Япон улсад зочилсон юм. Тэрээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нартай арилжааны чухал хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм.
Доналд Трампыг Солонгосын хойгт энх тайвныг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Мугунхвагийн их одон”-гоор шагнасан гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлжээ. Трамп уг одонг гардан авах үедээ “Би энийг яг одоо зүүмээр байна” гэж хэлжээ.
АНУ-ын тарифыг бууруулах чиглэлд удаан үргэлжилж буй хэлэлцээрийг идэвхжүүлэх тал дээр Доналд Трампыг дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters

