Гималайн нуруунд асар их цас орсны улмаас лхагва гарагт Эверест уул руу Балба болон Хятадын талаас аялагч өгсөхийг хоригложээ. Уг ууланд гацсан хүмүүсийг аврахаар явсан нисдэг тэрэг осолдсон байна. Олон зуун уулчин, аялагч зорьдог Эверест уулын бүс нутагт Бенгалиас хар салхи шилжин иржээ. Уг салхины нөлөөгөөр даваа гаргаас тэнд их хэмжээний цас, бороо орж эхэлжээ.
Гималайн нурууны доод хэсгээр их хэмжээний бороо, дээд хэсгээр их хэмжээний цас орж эхэлсэн тул аялагчдын авирдаг ихэнх хэсэгт аялал жуулчлал, уулын спортын үйл ажиллагаа явуулахыг түр хориглосон байна. Эверестийн жуулчны баазын ойр байрлах Лобуче оргилд гацсан аялагчдыг аврахаар нэгэн хувийн нисдэг тэрэг хөдөлсөн аж. Уг нисдэг тэрэг газардах гэж байхдаа халтирч, хажуулдан унажээ. Нисгэгчийг аварч чадсан ч аялагчдыг уулнаас буулгаж чадаагүй хэвээр байна.
Монта хар салхины улмаас өчигдөр, өнөөдөр их хэмжээний цас, бороо орно гэж Цаг уурын газар анхаарууллаа. 10-р сарын эхээр мөн олон аялагч Эверест уулын Төвөд рүү чиглэсэн талд гацсан юм. Тэднийг аврахын тулд аврагчид олон өдөр асар хүнд нөхцөлд аврах ажиллагаа явуулсны эцэст бүгдийг нь аюулгүй аварч байв.
Энэ 7 хоногт Монта хар салхины улмаас Балба улсад хүчтэй аадар бороо орж, үер, хөрсний гулгалт үүссэний улмаас 50 хүн амь үрэгджээ.
Эх сурвалж: CNN

