Малайзын аврах багийнхан зорчигч тээвэрлэж явсан завинаас Мьянмарын 7 цагаачийн цогцос, амьд үлдсэн 13 хүн олсон гэж 11-р сарын 9-ний ням гарагт мэдээллээ. Уг усан онгоц Мьянмар улсын Ракхайн мужийн Бутхидаун хотоос 300 зорчигчтой хөдөлжээ. Малайзын эрэгт ойртож ирэх үед зорчигчдыг 3 жижиг завинд хувааж суулгасан байх магадлалтай гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Гурван завины нэг нь өнгөрсөн пүрэв гарагт Тайландын өмнөд хэсгийн Тарутао арлын ойролцоо живсэн байх магадлал өндөр байгаа аж. Зарим зорчигчийн цогцос далайд хөвж, Малайзын хойд хэсгийн Лангкави арал дээр хүрчээ. Тус завь яг хэзээ, хаана живсэн нь тодорхойгүй байгаа бол нөгөө хоёр завинд юу тохиолдсон нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.
Амьд үлдсэн хүмүүсийн зарим нь Мьянмар улсын рохинжа үндэстэн байжээ. Цагаачдыг хууль бусаар хил давуулахын тулд далайн аюултай хэсгээр явагсад олширч байна гэж Мьянмарын эрх баригчид мэдэгджээ. Энэ жил рохинжа үндэстний 5200 цагаач далайн аюултай хэсгээр хил давах гэж оролдон, 600 нь амь үрэгдсэн эсвэл алга болсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Хариуцсан Комиссарын Газрын (UNHCR) хэвлэлийн төлөөлөгч Диого Алкантараб мэдээллээ.
Эх сурвалж: CNN

