Фүн вон хар салхи Филиппинийг дайран өнгөрөхдөө үер, хөрсний гулгалт үүсгэж, дор хаяж 2 хүний амийг авч оджээ. Өнгөрсөн 7 хоногт Калмеги хар салхи Филиппинийг дайран өнгөрч, 200 хүний аминд хүрсэн юм. Тэгвэл өчигдөр Калмеги хар салхинаас ч илүү том Фүн вон хар салхи Филиппинийг дайран өнгөрлөө.
Хар салхи ням гаргийн орой Филиппинд хүрэхээс өмнө 1.4 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Иргэний Хамгаалалтын Газар мэдээлжээ. Ойролцоогоор 1.4 сая иргэн хар салхи дэгдэхийн өмнө спорт заал, кино театр болон төрөл төрөгсдийнхөө гэрт түр хоргоджээ. Хар салхины улмаас ойролцоогоор 1,000 орон сууц эвдэрч сүйдсэн байна. Зарим нь хөрсний гулгалтад дарагдсан хэвээр байгаа аж. Аврах багийнхан өнөөдөр цаг агаар сайжирсны дараа тэдгээр газарт хүрч ажиллахаар төлөвлөж байна.

Хиймэл дагуулын авсан зурагнаас харвал Фүн вон бол Филиппин улсыг бүхэлд нь хамрахуйц асар том хэмжээтэй хар салхи юм. Бүхэл бүтэн арлыг хамрах хэмжээтэй уг хар салхи хойд нутгийн уулархаг мужуудаар дамжин өнгөрөх явцдаа аажмаар сулран, Өмнөд Хятадын тэнгис рүү Тайвань улсыг чиглэн хөдөлсөн гэж Филиппин улсын Цаг уурын агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN

