Энэтхэг улсын Дели хотын Улаан цайз хэмээх түүхэн дурсгалт газрын ойролцоо өчигдөр (2025.11.10) машин дэлбэрсний улмаас дор хаяж 10 хүн амиа алджээ. Үүнээс гадна 30 хүн ноцтой бэртсэн тухай “Лок Наяак” эмнэлгийн эмч Манир Кумаш Жа мэдээллээ. Түүний мэдээллээс үзвэл олон хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа тул Энэтхэг улс даяар нисэх онгоцны буудал, төмөр зам, Засгийн газрын барилга, түүхэн дурсгалт газруудад анхаарал сэрэмжтэй байх дохио өгчээ. Дэлбэрэлт болохоос өмнө орон нутгийн цагаар оройн 06:42 цагт “Удаан хөдөлж байсан нэг машин гэрлэн дохио улаан байх үед ирж зогссон. Тэр машин дэлбэрч, дотор нь зорчиж явсан хүмүүс болон ойр орчмын бусад тээврийн хэрэгслийн зорчигчдод нөлөөлсөн” гэж гэж Дели хотын Цагдаагийн Газрын комиссар Сатиш Голча мэдэгджээ. Уг дэлбэрэлтийн улмаас дор хаяж 6 машин шатжээ.
Энэтхэгээр “Лал Кила” хэмээн нэрлэдэг Улаан цайз XVII зуунд Их Могол Улсын үед улаан элсэн чулуугаар барьсан, асар том хэрмээрээ алдартай цайз юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн уг дурсгалт газарт жил бүр сая сая хүн зочилдог.
Эх сурвалж: CNN

