Монголын волейболын Дээд лигийн 1-р тойрогт багууд 6 тоглолт хийгээд байна. 6 тоглолтын байдлаар эрэгтэй лигийн хүснэгтийг “Төв Миг Вулвс” 6 хожилтой, Эмэгтэй лигийн хүснэгтийг Хилчин TG 5 хожил 1 хожигдолтой тэргүүлж байна. Тэгвэл Time.mn сайт энэ сарын 17-ны өдөр болсон тоглолтыг тоймлон хүргэж байна.
“Алтайн барс-Хилчин” гурав дараалж хожигдсон цувралаа зогсоолоо.

“Алтайн барс-Хилчин”-“Дархан Могулс” баг улирлын эхний тоглолтоо хийж “Алтайн барс” 3-1-ийн харьцаатай хожил байгууллаа. “Алтайн барс”-ийн хувьд сүүлийн 3 тоглолт дараалан хожигдоод байсан. Өнөөдрийн тоглолтод Алтайн барсаас М.Хан 32 оноо, “Дархан Могулс”-аас М.Уранбаяр 30 оноо авч шилдэг тоглолтуудаа үзүүллээ.
Эхний сетийн тоглолт өрсөлдөөнтэй болж 23-25-аар “Дархан Могулс” хожсон. Дараагийн сетээс “Алтайн барс”-ийн хамгаалалт эрс сайжирч, довтолгоонуудаа оновчтой болгосоор эсрэг багаас 8 оноо илүү авав. Ингээд 3 болон 4-р сетийн тоглолтод хожсоноор “Алтайн барс”-ийн 3 дарааллаж хожигдсон цуврал зогслоо. “Алтайн барс” энэ удаа хожсноор 3 хожил, 3 хожигдолтой. “Дархан Могулс” 3 хожил, хожигдол 3 дээр тэнцэж байна. Тоглолтын шилдгээр импорт тоглогч М.Хан 32 оноо авч тодорчээ.
“Митонетт Говь” хүснэгтийг тэргүүлэгч “Хилчин TG”-г хожлоо.

Минтонетт Говь баг Хилчин TG багийг 3:1 харьцаатайгаар хожиж шилдэг тоглогчоор нийт 25 оноог авсан Mizuho Onoue тодорлоо. Мизуо Оноуэ 22 довтолгоо, 2 хаалт 1 давуулалт оновчтой болгожээ. Мөн Минтонетт Говь багаас Д.Анужин сайн тоглолтоо үзүүллээ. Түүний хувьд БНСУ-ын оюутны лигт тоглож байгаад энэ улирлаас Минтонетт Говь багт нэгдсэн.
Энэ тоглолтод “Хилчин TG” хожигдсоноор лигийн анхны хожигдлоо авлаа. Тэд 5 хожил, 1 хожигдолтой. “Минтонетт Говь” 4 хожил, 2 хожигдолтой болж байна.
Минтонетт говь багийн тоглогч Д.Анужин: Хүчтэй багийг буулгаж авсандаа маш баяртай байна. Манай баг хаалт дээр илүү төвлөрч тоглоё гэж ярилцсан. Хаалт дээр илүү төвлөрч тоглолоо. Өрсөлдөгч маань хамгаалалттай баг болохоор хувилбар явж хөдөлгөсөн довтолгоо хийхийг зорьсон. Тэр төлөвлөгөө маань хэрэгжлээ.
“Төв Миг Вулвс” хожлын цуврал үргэлжилсээр…

Энэ тоглолтын араас даваа гарагийн оргил тоглолт өнгөрсөн улирлын хагас шигшээ цувралд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн “Төв Миг Вулвс”- “Эс Жи Хокс” багууд энэ улирлын эхний тоглолтоо хийлээ. Тоглолт эхлэхийг үзэгчид төдийгүй тамирчид өөрсдөө тэсэн ядан хүлээж буй нь сошиал хаягтаа бичиж буй пост сэтгэгдлүүлээс тод харагдаж байв. Ингээд 19 цагт эхэлсэн тоглолт эхнээсээ төгсгөл хүртэл үзэгчдийг уйдаагаагүй хүчтэй довтолгоо, хаалт, хамгаалалтуудыг удаа дараа хийж байлаа. Тухайлбал “Эс Жи Хокс” багийн гэртээ бэлдсэн хувилбар 1, 2-р сетийн тоглолтод хэрэгжсэн. Үүнийгээ ч оновчтой болгож дээд лигийн улирал эхэлснээс хойш харагдаж үзэгдээгүй гайхалтай хувилбаруудыг гүйцэтгэж тоглолтын уур амьсгалыг сэргээж байв. Харин үүний эсрэг “Төв Миг Вулвс” баг бэлэн байж хариу цохилтуудыг ар араас нь өгч чадаж байв. Тэд яах аргагүй энэ улирал эхэлснээс хойш хамгийн хүчтэй баг гэдгээ дахин нотлон харуулж 3:1-ээр хүчирхэг “Эс Жи Хокс” багийг буулган авав.
Ингэснээр “Төв МИГ Вулвс” 6 хожилтой нэгч хожигдолгүй улирлаа үргэлжлүүлж байгаа бол шилдэг тоглогчоор нийт 20 оноог авсан Liuz Perotto тодорлоо.
Мөн сэлгээнээс төгөлдөр орж ирж тун сайн тоглолтыг үзүүлж багаа хожил авахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Төв МИГ Вулвс багийн тоглогч Б.Төгөлдөр: 6 дахь хожлоо авсанд баяртай байна. Бид гарааны тамирчин, сэлгээний тамирчин байсан ч ялгаагүй болохгүй зүйл дээр нь нэг нэгэндээ тусалж дэмжиж тоглох зорилготой. Тэрэндээ хүрсэн гэж бодож байна.
Лигийг одоогоор нэг ч хожигдолгүй тэргүүлж яваа ТӨВ МИГ волейбол клубийг SG Hawks зогсоож чадсангүй. Харин ямар баг “Төв Миг Вулвс”-ийн хожлын цувралыг зогсоох бол гэдэг хүлээлт волейбол сонирхогчдын дунд байна.
Энэ долоо хоногт шууд дамжуулах бүх тоглолтуудыг PSN5 сувгаар хүлээн авч үзээрэй!
Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ
