Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс “Эрүүл мэндийн магадлалын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа ба Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Уг хуралд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дарга, гишүүд, судлаачдын төлөөлөл бүхий 90 гаруй эмч, мэргэжилтэн танхим болон цахимаар оролцов.

Эрдэм шинжилгээний бага хуралд “Эрүүл мэндийн магадлалын шинэчлэл” сэдвийн хүрээнд улс, аймаг, дүүргийн түвшинд хийгдсэн судалгааны бодит үр дүн, шалтгаан хамаарлын шинжилгээ, нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөмжийг багтааж, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж буй өвчлөлийн бүтцийг судалсан 20 орчим судлаач илтгэл ирүүлснээс 6 илтгэлийг шалгаруулан, хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн магадлагч эмч Д.Тэмүүжин “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэхэд баримталж буй өвчний жагсаалтын хэрэгжилтийн судалгаа” сэдэвт илтгэлээр тэргүүн байр, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Юмжирдулам “Хөвсгөл аймгийн хүн амын дундах нүдний эмгэг хөдөлмөрийн чадвар алдалтын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлс” сэдэвт илтгэлээр дэд байр, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын магадлагч эмч Б.Балжинням “Багануур дүүргийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судлах нь” сэдвээр гутгаар байр, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын магадлагч эмч Г.Болормаа “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шалтгаан тогтоолгосон хоригдлуудын судалгаа” сэдэвт илтгэлээр тусгай байрыг тус тус эзлэв.

Эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь эрүүл мэндийн магадлалын үйл ажиллагааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, нотолгоонд суурилсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, судлаачдын судалгааны ажлын үр дүн, гарсан шинэлэг санал дүгнэлтийг практикт нэвтрүүлэх ач холбогдолтой юм.

