Теннисчин Рожер Федерерийг 2026 онд Алдрын танхимд дэвшүүлэхээр болжээ. Өдгөө 44 настай Рожер Федерер 2022 онд теннисээс зодог тайлсан билээ. Тэрээр карьертаа ATP түвшний 103 тэмцээнд түрүүлж, Их дуулга тэмцээнд 20 удаа түрүүлсэн агуу тамирчин.
Тэрээр “Их гурвал”-аас Алдрын танхимд гишүүнээр элсэх анхны теннисчин болж байна. “Их гурвал”-ын нөгөө 2 нь Рафаэл Надал, Новак Жокович нар. Рафаэл Надал 2024 теннисээс зодог тайлсан бол Новак Жокович одоо хүртэл тоглосоор л байгаа.
Рожер Федерер Их дуулга тэмцээнд 20 удаа түрүүлсэн бол Новак Жокович 24 удаа, Рафаэл Надал 22 удаа түрүүлжээ. Тэд 2000-2020 онд теннисийн ертөнцөд гурвуулаа ноёрхож, орчин цагийн теннисийн өнгө төрхийг тодорхойлсон. Энэ 3 эрхэм гурвуулаа Алдрын танхимын гишүүн болох нь цаг хугацааны асуудал биз ээ. Рожер Федерер Алдрын танхимд элсэхээр болсон талаараа “Алдрын танхимын гишүүн болж, теннисийн үе үеийн шилдэг аваргуудтай зэрэгцэн зогсоно гэдэг бол асар нэр хүндтэй явдал” гэж хэлжээ.

