Далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг бол Улаанбаатар. Улаанбаатарын өвлийн өдрүүдэд инверс үүсэж, айлууд болон станцуудын яндангийн утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг. Өөрөөр хэлбэл, өвөл салхи багатай үед агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог тул агаар дээшээ сэлгэгдэх боломжгүй болж доошоо суун утаа тунарч тогтох үйл явцыг инверс гэнэ.

Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55 хувийг гэр хорооллын яндангийн утаа, 30 орчим хувийг тээврийн хэрэгслийн утаа, 15 хувийг уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр эзэлдэг аж. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээн дэх ДЦС, уурын болон усан халаалтын зуухуудад жил бүр 6.3 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг нь гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээнээс 10 дахин их үзүүлэлт юм.
Харин Улаанбаатар хотын 19 суурин харуулын мэдээллээр 12 дугаар сарын 4-ний өдрийг 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн дундаж агаарын чанарын үзүүлэлтүүдтэй 24 цагаар харьцуулахад:
- PM2.5 22.3% бага
- PM10 18.7% бага
- NO2 13.5% бага
- SO2 53.0% бага
- CO 19.5%-иар тус тус бага гарчээ.

