horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Сэтгэлзүйч оролцуулснаар 24 гэр бүл эвлэрчээ

post-img

Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэлзүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг энэ оны 5 дугаар сард байгуулж, 8 дугаар сарын 20-ны өдрөөс Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газарт хоёр сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн байна.

Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй хос ихэвчлэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үл ойлголцол, гомдол, буруутгал, айдас түгшүүрт автсан байдаг тул сэтгэлзүйчийн дэмжлэг нь талуудын сэтгэлийг тогтворжуулах, шийдвэр гаргахдаа илүү бодитой хандах, хосыг бие биедээ болон үр хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэрлэлт цуцлуулах хүсэлтээсээ татгалзахад эерэг нөлөө үзүүлж байна.

Шүүхэд сэтгэлзүйч ажиллаж эхлэхээс өмнө буюу 2025 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 20 хүртэл гурван сарын хугацаанд нийт 14 гэр бүл эвлэрч байсан бол түүнээс хойших гурван сарын хугацаанд сэтгэлзүйч ажилласнаар 24 гэр бүл эвлэрчээ. Сэтгэлзүйч, эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааныг гэрлэлт цуцлахгүйгээр шийдсэн амжилт 1.7 хувиар өссөн байна.

Дээрх хугацаанд сэтгэлзүйч нь хосын зөвлөгөөг 123 хүнд, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг 3 хүүхдэд, ганцаарчилсан зөвлөгөөг 25 хүнд өгсөн байна.

Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан боловч хүүхдийн саналыг асуухад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гадна хэн байлцах нь хуульд тодорхой тусаагүй, хүүхэд өөрийн саналаа хэлэхдээ шүүхийн орчин болон шүүгч, эцэг, эхээсээ эмээдэг, уг ажиллагаанд 2 талын өмгөөлөгчийг оролцуулах нь хүүхдийн саналд нөлөөлөх магадлалтай байдаг тул шүүхийн практикт хөндлөнгийн өмгөөлөгчийг албан бусаар оролцуулах тохиолдол гардаг байна.

Дээрх санамж бичгийн хүрээнд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 1-д “Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана” гэж заасныг хангуулахаар 10 орчим хүүхдийн санал асуух ажиллагаанд мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулахад хүүхдүүд санаа бодлоо чөлөөтэй, үнэн зөв илэрхийлсэн үр дүн гарчээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 онд шинээр хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаагаар шинээр гэрлэсэн гэрлэгчдийн тоо өмнөх таван жилтэй харьцуулахад 29 хувиар буурсан, гэрлэлт цуцлуулсан гэр бүлийн тоо 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрлэлт цуцлалтын түвшинг бууруулахаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Тиймээс гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн сэтгэл зүйчийн оношилгоо, зөвлөгөө нь бодит дэмжлэг болж байгаа тул тус яам Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлах багийн бүрэлдэхүүнд сэтгэлзүйч оролцуулах талаар санал хүргүүлсэн байна.

0/1000