Өчигдөр буюу пүрэв гарагт Өмнөд Солонгосын Сөүл хотын цагдаа нар алдарт дуучин PSY-г сэтгэцэд нөлөөлөх нойрны эм жоргүйгээр худалдаж авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн, агентлагийнх нь оффис болон машинд нь нэгжлэг хийжээ.
Цагдаагийн байгууллага PSY-г 2022 оноос эхэлж өдийг хүртэл менежерээрээ дамжуулан сэтгэцэд нөлөөлөх нойрны эм жоргүйгээр нууцаар худалдаж авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж 12-р сарын 4-нд нэгжлэг явуулсан байна. Өчигдөр буюу пүрэв гарагт дуучин PSY-ын менежер нь цагдаа нар 12-р сарын 4-нд нэгжлэг явуулсан нь үнэн хэмээн мэдэгдэж, мөн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа гэж онцолжээ.
Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Сөүл хотын их сургуулийн нэгэн профессорыг дуучин PSY-д хууль бусаар эмийн жор бичиж өгсөн хэрэгт сэжигтнээр татсан байна.
PSY-ын нууцаар авсан Xanax болон Stilnox гэдэг эм нь нойрны эмгэг, түгшүүрийн эмгэг, сэтгэл гутралыг эмчлэхэд ашиглагддаг бөгөөд донтуулах өндөр эрсдэлтэй тул заавал эмчийн жороор олгодог эм юм. Хэрэв PSY уг хоёр эмийг хууль бусаар авдаг байсан нь тогтоогдвол Эмийн Хэрэглээний Хуулийг зөрчсөн хэрэгт тооцогдож, ял авах аж.

