Энэ жил Трамп татварын бодлогоор олон улстай арилжааны дайн зарлаж, Дэлхийн олон улсад жагсаал цуглаан, бослого гаран, улс төрийн хувьд тогтворгүй байлаа. Филиппинд газар хөдлөлт, олон удаагийн давтамжтай хар салхи, үер зэрэг гамшиг нүүрлэж, Филиппин улсын хувьд маш их гарз тохиосон таагүй жил болон өнгөрч байна.
2023 оны 10-р сараас эхэлж 2 жил үргэлжлэхдээ 72,000 орчим хүний амийг авч одсон Газын Зурвас дахь аймшигт дайн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын дэмжлэгээр намжив. Израиль-Хамасын талууд гал зогсоох хэлэлцээр хийж, дайнаа зогсоосон нь Дэлхий дахинд энэ жилийн хамгийн онцлох мэдээ болов. Ингээд 2025 онд Дэлхий дахинд өрнөсөн, олны анхаарал татсан онцлох үйл явдлуудыг сар, сараар нь тоймлон уншигч та бүхэнд танилцуулъя.
1-р сарын онцлох үйл явдлууд:

1-р сарын 7: АНУ-ын Лос Анжелес хотын бүсэд дэгдсэн байгалийн түймэр 1-р сарын турш үргэлжилж, маш олон байшин шатан, хүмүүс асар их хэмжээний хохирол амсжээ. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрт гарсан хамгийн их хор хөнөөлтэй гамшгуудын нэг. Хохирлын хэмжээ 76-131 тэрбум ам.долларт хүрч, 30 орчим хүн түймрийн улмаас амиа алдсан байна.
1-р сарын 20: Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Ингэснээр Трамп дараалалгүйгээр 2 сонгуульд ялсан, АНУ-ын түүхэн дэх 2 дахь Ерөнхийлөгч болов. Мөн хамгийн ахмад (78 нас) Ерөнхийлөгчөөр тодорлоо.
1-р сарын 23: Тайланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсных болгож баталгаажуулсан Зүүн өмнөд Азийн анхны орон болжээ.
2-р сарын онцлох үйл явдлууд:

2-р сарын 2: Дуучин Beyonce Грэммийн 3 шагнал хүртсэн юм. Үүнээс хамгийн онцлох нь “Оны шилдэг цомог” шагналыг анх удаа хүртжээ. Ийнхүү түүний нийт шагналын тоо 35 болсон байна. Мөн тэрээр “Оны шилдэг кантри цомог” шагналыг хүртсэн хар арьст анхны эмэгтэй дуучин болж, түүх бүтээжээ.
2-р сарын 4: Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд АНУ нэмэлт 10%-ийн татвар ногдуулснаар АНУ-Хятадын арилжааны дайн эхлэв. Үүний дараа АНУ бусад улсад ч бас өндөр татвар ноогдуулж эхэлсэн юм.
2-р сарын 9: АНУ-ын хөлбөмбөгийн “Super Bowl” тэмцээний финалд “Philadelphia Eagles” баг “Kansas City Chiefs” багийг 40:22 харьцаатай ялж, түрүүллээ.
3-р сарын онцлох үйл явдлууд:

3-р сарын 2: 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж, “Anora” кино 5 Оскар хүртжээ. Тус киноны эмэгтэй гол дүрийн жүжигчин Майки Мэдисон “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” шагналыг хүртэж, харин найруулагч Шон Бэйкер “Шилдэг найруулагч” шагналыг авлаа.
3-р сарын 2: “Firefly Aerospace” компанийн Blue Ghost буюу “Цэнхэр сүнс” нэртэй хөлөг Саран дээр амжилттай газардаж, Дэлхийн дагуул дээр газардсан арилжааны компанийн анхны сансрын хөлөг болжээ.
3-р сарын 14: Канадын Либерал намын гишүүн Марк Карни тус улсын Ерөнхий сайдаар сонгогджээ. Ерөнхий сайд болохоосоо өмнө тэрээр Английн Төв банкны тэргүүнээр ажиллаж байсан юм.
3-р сарын 28: Мьянмар улсад газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 3600 хүн амиа алдаж, олон мянган хүн гэмтэв.
4-р сарын онцлох үйл явдлууд:

4-р сарын 21: Пап лам Францис 88 насандаа нас баржээ. Тэрээр Латин Америк гаралтай анхны пап лам байв. Ромын католик сүмийг 2013 оноос хойш удирдсан тэрээр Газын Зурваст гал зогсоохыг уриалснаасаа хэдхэн цагийн дараа нас баржээ.
5-р сарын онцлох үйл явдлууд:

5-р сарын 6: Фридрих Мерц Герман улсын Канцлер буюу Засгийн газрын тэргүүн болжээ. Үүнээс өмнө тэрээр хуульч, улстөрчөөр ажиллаж, 2022 оноос хойш Христийн Ардчилсан Холбоо намыг удирдаж байв.
5-р сарын 7: Энэтхэг улс Пакистаны хэд хэдэн бүсийг пуужингаар бөмбөгдөв. Үүний дараа тус хоёр улсын зөрчилдөөн хурцдав. Энэ нь 4-р сарын 22-нд Энэтхэгийн Жамму-Кашмир бүс нутгийн Пахалгам хотод явж байсан 26 энэтхэг иргэнийг Пакистаны цэргүүд буудаж хөнөөсний хариуд гаргасан үйлдэл хэмээн Энэтхэг улс мэдэгджээ. Үүний дараа Энэтхэг-Пакистаны талууд 5-р сарын 10-нд гал зогсоох хэлэлцээр хийсэн байна.
5-р сарын 15: Оросын цагдаа нар улсынхаа хамгийн том хэвлэлийн компаниудын нэг “Эскмо”-гийн оффист дайран орж, ажилтнуудыг нь “ЛГБТ өнгө аястай үзэл суртал түгээн дэлгэрүүлсэн” хэргээр баривчилсан нь Орост томоохон шуугиан дэгдээв. Орос бол ЛГБТ хүмүүсийн эрхийг боомилж, ЛГБТ үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийг хатуу хориглодог цөөхөн орны нэг юм.
6-р сарын онцлох үйл явдлууд:

6-р сарын 12: Энэтхэг улсын Гужарат мужийн Ахмедабад хотод “Air India” компанийн 171-р нислэгийн онгоц хөөрөөд удалгүй осолджээ. Онгоцонд байсан 242 хүнээс ердөө ганц нь л амьд үлдсэн юм.
6-р сарын 14: АНУ болон өөр олон улсад Доналд Трампыг эсэргүүцсэн “Бидэнд хаан хэрэггүй” нэртэй хөдөлгөөн өрнөж, 5 сая гаруй хүн уг эсэргүүцлийн жагсаалд оролцжээ.
6-р сарын 22: Израиль-Иран хоёр дайтаж байх үед АНУ-ын арми Ираны цөмийн эрчим хүчний станцуудыг бөмбөгдөж, асар их хохирол учруулжээ. Үүнээс 2 хоногийн дараа Израиль-Ираны тал гал зогсоох хэлэлцээр хийсэн юм.
6-р сарын 22: NBA-ын финалд “OKC Thunder” баг “Indiana Pacers” багийг хожиж, NBA-ын аварга болов.
7-р сарын онцлох үйл явдлууд:

7-р сарын 2: XIV Далай лам дахин төрөхөө зарлажээ. Энэ нь XV Далай лам тодорно гэсэн үг. Дараагийн Далай ламаар хятад хүн тодрох магадлалтай гэх мэдээлэл цацагдсан байна.
7-р сарын 16: АНУ-ын Массачусеттс мужид болсон “Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр камерт өртсөн хос нууц амрагууд байж таарсан нь 7-р сарыг дуусан дуустал сошиал медиа даяар тархсан хамгийн том шуугиан байв. “Coldplay” хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин тэдэн рүү камераар заасны дараа хос камераас нуугдсан тул Крис “Нэг бол тэд нууцаар явалдаж байна. Эсвэл зүгээр л ичимхий хүмүүс байх. Би юу хийхээ ч мэдэхгүй байна” гэж хэлж байлаа. Уг хос нэгэн технологийн компанид хамт ажилладаг нууц амрагууд болж таарав. Интернэт даяар од болсныхоо дараа тэд ажлаасаа гарчээ.
8-р сарын онцлох үйл явдлууд:

8-р сарын 7: “OpenAI” компани ChatGPT-5 хувилбарыг гаргасан нь хиймэл оюуны хөгжлийг тодорхойлсон маш том алхам байв. Энэ бол хиймэл оюуны дэвшлийн тухай асар олон мэдээний ердөө нэг нь бөгөөд хиймэл оюун өдөр бүр бидний амьдралд үзүүлэх нөлөөгөө тэлсээр байна.
8-р сарын 11: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон ДС хотод Үндэсний гвардыг байрлуулах тушаал гаргав. Энэ шийдвэр нь “Улсын нийслэлийг гэмт хэргээс аварна” гэж тэр мэдэгджээ.
8-р сарын 26: Энтертайнмент салбарын од Тэйлор Свифт АНУ-ын NFL-ын од тоглогч Трэвис Кэлситэй сүй тавьж буйгаа инстаграмаар мэдэгджээ. Тэд инстаграмд оруулсан зурагныхаа тайлбар дээр “Танай англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр гэрлэхээр боллоо” хэмээн бичиж, сүй тавьснаа зарлаж байв.
9-р сарын онцлох үйл явдлууд:

9-р сарын 8: Авлигад идэгдсэн Балба улсад Z үеийнхэн бослого дэгдээж, Засгийн газар нь олон нийтийн дуу хоолойг намсгахын тулд сошиал медиаг хориглов. Үүнийг мянга мянган Z үеийнхэн эсэргүүцэн жагслаа. Тэд Засгийн газрын дээд албан тушаалтнуудын гэрт дайрч орон, гудамжинд хөөн гаргаж, зодож, зарим нэгийнх нь аминд хүрсэн нь энэ оны хамгийн хүчтэй бослого, эсэргүүцлийн жагсаал болсон юм. Улмаар Балба улсын Ерөнхий сайд огцорч, ихэнх төрийн дээд албан тушаалтан гадаад руу зугтсанаар тэд Засгийн газрыг татан буулгаж чадсан аж.
9-р сарын 10: АНУ-ын Консерватив намын гишүүн, хүний эрхийн идэвхтэн Чарли Кирк Юма мужийн Орем хотын Ютагийн их сургуулийн гадаа илтгэл тавьж байх үедээ буудуулж амиа алдсан нь АНУ даяар шуугиан тарьж байлаа.
10-р сарын онцлох үйл явдлууд:

10-р сарын 3: Реппер, продюсер “Дидди” буюу Шон Комбсын шүүх хурал болж, түүнд 50 сарын буюу 4.5 жил хорих ял оноожээ. Дидди хүмүүсийг зуучилж биеийг нь үнэлүүлсэн, мөн мансууруулах бодисоор дүүрсэн шоу цэнгээн зохиодог байсан хэрэг илэрч, энтертайнмент салбарт маш том дуулиан тарилаа.
10-р сарын 10: 2023 оноос эхэлж, 2 жил үргэлжилсэн Израиль-Хамасын дайн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын шахалтаар өндөрлөж, хоёр тал энхийг сахиулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 2023 оны 10-р сард Хамас бүлэглэл Израиль руу довтолж, 1000 орчим хүн хөнөөж, олон зуун иргэнийг барьцаалж авсны дараа Израиль хариу дайн зарласнаар энэхүү дайн эхэлж байв. Газрын Зурваст 2 жил үргэлжилсэн уг дайны улмаас 70,000 орчим палестин, 2000 орчим израильчууд амиа алдсан байна.
10-р сарын 19: Францын Луврын музейд хулгайч орж, XIX зууны үеийн хаадын 9 үнэт эдлэл хулгайд алдагджээ. Үүнээс хойш хэдэн долоо хоногийн дотор Францын эрх баригчид хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцаасан боловч хулгайд алдагдсан үнэт эдлэлүүдийг олж чадаагүй хэвээр байна.
10-р сарын 21: Санаэ Такаичи Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болов.
11-р сарын онцлох үйл явдлууд:

11-р сарын 4: Калмеги хар салхи хэд хоногийн дотор Филиппин, Вьетнам, Тайланд зэрэг орныг дайран өнгөрчээ. Уг хар салхины улмаас 200 орчим хүн амиа алдсаны ихэнх нь филиппинчүүд байв.
11-р сарын 7: Японы шинэ Ерөнхий сайд болоод ердөө хоёр долоо хонож байсан Санаэ Такаичи “Хэрэв Хятад улс Тайвань руу дайрвал үүнийг Япон улсад үзүүлж буй заналхийлэл гэж үзэж, бид цэргийн хүчээр хариу барих болно” гэж ноцтой мэдэгдэл хийсэн нь шуугиан дэгдээж, Хятад-Японы харилцаа хурцадсан байна.
11-р сарын 10: Энэтхэгийн Дели хотын Улаан цайзын ойролцоо машин дэлбэрсний улмаас 10 хүн амиа алдаж, 20 хүн гэмтжээ.
11-р сарын 26: Хонконгийн орон сууцны цогцолборт гал гарсны улмаас 6 барилга шатаж, 150 хүн амиа алдав.
12-р сарын онцлох үйл явдлууд:

12-р сарын 06: Лионел Мессигээр удирдуулсан “Интер Майами” баг MLS-д түрүүлж, клубийнхээ түүхэнд анх удаа MLS-ын аваргын цом хүртжээ.
12-р сарын 10: Австралид 16 нас хүрээгүй хүүхдүүдэд сошиал медиа ашиглахыг хориглох хууль хэрэгжиж эхлэв. Тус шинэ хуулийн дагуу YouTube, Facebook, Instagram, X, TikTok зэрэг 10 гаруй платформыг 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээнээс халсан байна.
12-р сарын 14: Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт Ханукка баяр тэмдэглэж байсан еврейчүүд рүү буутай аав, хүү хоёр гал нээсний улмаас 15 хүн амиа алдаж, 40 орчим хүн бэртэв. Энэ нь 2025 оны төгсгөлд Дэлхий дахиныг цочирдуулсан мэдээ байв. Уг халдлага Австралийн сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн аймшигт террорист халдлага болсон юм. Тус халдлагыг 50 настай аав, 24 настай хүү хоёр үйлдсэнийг тогтоосон. Аав нь хэргийн газар буудуулж нас барсан бол хүүгийнх нь гэм бурууг шүүх хурал явагдаж байгаа. Мөн тус этгээдүүд уг халдлагын үйлдэхээсээ өмнө хээр талд буудлагын сургуулилалт хийсэн нь тогтоогдсон. Үүгээр 12-р сарын 14-ний үйл явдал урьдчилан төлөвлөсөн террорист үйл ажиллагаа болох нь тодорхой болжээ.
Энэ жил Доналд Трамп хамгийн олон удаа гол сэдэв болж, Трампын хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг Дэлхий нийт анхааралтай сонсов. 10-р сард Газын Зурвас дахь дайныг зогсоосныхоо дараа Трамп энх тайвныг сахиулагч бурхан мэт шүтэгдэж, Венесуэлийн сөрөг хүчний намын дарга хүртэл түүнээс “Манай улс дахь дайныг зогсоогоод өгөөч” хэмээн гуйж байсан нь саяхан. Орос-Украины дайн эхэлснээс хойш АНУ Украинд маш их тусламж дэмжлэг үзүүлж байсан билээ. Энэ оны 11-р сард Орос-Украины дайн хурцдаж, хоорондоо пуужин харвах нь улам ихсэж байх үед АНУ энхийг сахиулах төлөвлөгөө боловсруулж, Зеленскийд танилцуулсан. Гэвч энэ нь Орост хэт ашигтай, Украины талд ямар ч ашиггүй төлөвлөгөө байлаа. Саяхныг хүртэл Украиныг дэмжиж байсан Трамп гэнэт урваж, Зеленскийгээс нүүр бууруулсны учрыг хүн бүр гайхаж эхэлжээ. Энэ жил Трамп сайн хүний дүрд, муу талын ч дүрд тоглож, улс төрийн тоглолт маш их хийсэн жил байлаа.

