Украины Ерөнхийлөгч Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хоёр өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Флорида мужид уулзаж, энхийн хэлэлцээрийн талаар ярилцав. Тэд уг уулзалтаа “Гайхалтай байсан” гэж хэлжээ.
“20 зүйл заалт бүхий энхийн хэлэлцээр 90% амжилттай явж байна” гэж Зеленский хэлсэн бол Трамп “Украинд үзүүлэх аюулгүй байдлын хэлэлцээр 95%-тай явж байна” гэж мэдэгджээ. Мөн Трамп “Ганц хоёрхон л асуудал шийдэгдээгүй үлдчихээд байна” гэж хэлсэн нь Украины газар нутгийн асуудалтай холбоотой юм.
“Харин Оросын тал Украинд ямар нэг уулзалт хийх зорилгоор гал зогсоох хэлэлцээр хийхийг хүлээн зөвшөөрөөгүй” гэж Трамп мэдэгдсэн байна. Газар нутгийн асуудлыг шийдэхэд гал зогсоох хэлэлцээр зайлшгүй чухал гэж Украины тал үзэж байна.
Трамп, Зеленский хоёр энхийн хэлэлцээрийн талаар ямар нэг товлосон өдөр зарлаагүй. “Ирэх долоо хоногуудад ахин уулзаж, уг асуудлыг шийднэ” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

