Украины тал Путины эзэмшдэг байрнуудын нэг рүү дроноор халдсан гэх Оросын мэдэгдлийг Зеленский үгүйсгэж, “Оросын тал энхийн хэлэлцээрийг удаашруулахын тулд худлаа ярьж байна” гэж мэдэгджээ. “Өнгөрсөн шөнө Украины тал алсын зайн тусгалтай 91 дрон ашиглаж, Оросын Новгород мужид байдаг Путины эзэмшлийн байр луу халдсан” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. Халдлага болох үед Путин хаана байсан нь тодорхойгүй байна. Сергей Лавров “ОХУ одоо энхийн хэлэлцээр хийх шийдвэрээ ахиж бодож үзнэ” гэжээ.
Сергей Лавров даваа гарагт “Telegram” дээр хийсэн мэдэгдэлдээ “Путины байр луу халдсан Украины 91 дроныг бүгдийг нь Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан” гэж дурджээ. Мөн уг халдлагын улмаас хэн нэгэн амиа үрэгдээгүйг онцолсон байна.
Сергей Лавровын уг мэдэгдлийг Зеленский “Оросын хэлдэг, байдаг л нэг худал мэдээлэл” гэж мэдэгджээ. Одоогоор яг хэн нь үнэн яриад байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC

