Волейболын үндэсний дээд лиг эргэн ирлээ. 12-р сарын сүүлээр хэсэг хугацаанд завсарласан Дээд лиг ширүүн өрсөлдөөн, шинэ рекордтой эргэн ирэв. 2026 оны Дээд лигийн эхний тоглолт буюу 1-р сарын 2-ны өдрөөс хойш болсон онцлох тоглолтуудыг тоймлон хүргэж байна.

Энэ оны эхний тоглолт Дархан Могулс- Хашхан Өвөрхангай эмэгтэй багийн тоглолтоор эхлэв. 5 ээлжийн ширүүн өрсөлдөөнтэй, гайхалтай тоглолтын эцэст Дархан Могулс ялалт байгуулж улирлын 6 дахь хожлоо авлаа . Харин Өвөрхангай Хашхан ялагдал хүлээснээр хүснэгтийн 5-р байрт бичигдэж эхлэв. Хоёр багийн тоглолт эхнээсээ дуусан дуустал үзэгчдийг уйдаагаагүй ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болсон. Дархан Могулс эхний хоёр сетэд илүүрхэж өндөр оноо авсан тоглолт үзүүлэв. Хоёр багийн 2-р ээлжийн тоглолт 34-32-ын харьцаатай Дарханы багийн ялалтаар өндөрлөсөн. Улмаар 3,4-р ээлжийн тоглолтод Өвөрхангайн баг хамгаалалт, довтолгоо дээр жигд байж 5 ээлжийн тоглолт гаргаж чадсан. Харин эцсийн мөчид Хашхан өөрсдөө довтолгоогоо алдсанаар 16:14-өөр Дархан Могулс хожсон. Энэ тоглолтод дурдахгүй байхын аргагүй нэг тоглогч нь Хосбаярын Нэргүй байлаа. Түүний хувьд 43 оноо авч онцгойрсон юм. Түүний хувьд өмнөх тоглолтод 37 оноо авч гайхалтай тоглолтоо үзүүлж байсан бол шинэ оны эхэнд 43 оноо авч шинэ оныг шинэ рекордтой эхлүүлээ. Одоогоор түүнээс өөр 43 оноо авсан тоглогч Лигийн талбайд алга байна.
“Эс Жи Хокс”-ын хожил үргэлжилсээр…

Дараагийн тоглолт өнгөрсөн улирлын аварга Мегастарс болон өнгөрсөн улирлын хүрэл медалийн эзэд болох Эс Жи Хокс багийн хооронд боллоо. Хоёр багийн тоглолт эхлэхээсээ өмнө л хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болох нь ойлгомжтой байв. Шүүгчийн шүгэл дуугарч хоёр баг тоглолт дуусан дуустал хүчтэй довтолгоо, хамгаалалтуудыг хийж, Аса аренад ирсэн үзэгчдийг огшоож байлаа. Зөвхөн энэ тоглолтод довтолгоо хамгаалалтаас илүүтэй арай илүү ойлголцол сайн баг нь хожсон гэхэд буруудахгүй. Мөн илүү их хожих шаардлагатай, хожихыг хүссэн баг нь Эс Жи Хокс байлаа. Энэ ч утгаараа тэд 3:1-ын харьцаатай аваргуудыг буулгаж авав.
Үүний дараа Эс Жи Хокс- Энержи клубтэй улирлын ээлжит тоглолтоо хийсэн. Энэ тоглолт 3:2-ын харьцаатай мөн л 5 ээлжийн тоглолтоор шийдэгдэж Эс Жи Хокс ялалт байгуулав.
Ингэснээр тэд 3-р тойрогт 4 дараалсан хожлыг аваад байна. Хэрвээ энэ тоглолтод Эс Жи Хокс хожигдсон бол Флей-оффын шат руу орох боломжоо алдах байсан. Харин энэ өдөр хожсоноор 9 хожил 10 хожигдолтой хүснэгтийн 4-р байранд бичигдэж эхэллээ. Одоо тэд дахиад ганцхан хожил авахад Флей-оффын шилдэг 4 багийн нэг болох боломжтой. Харин үлдсэн тоглолтуудад хожигдвол улирлаа дуусгах ч эрсдэл бий. Тийм учраас хожигдох эрх Шонхруудад байхгүй.
Уурхайчид хүснэгтийг тэргүүлэгчдийг буулган авав
Хожигдол гэдэг зүйлийг бараг мартчихсан байсан Хилчин Ти Жи клуб 2026 оны эхний тоглолтдоо ялагдал хүлээв. Уурхайчид клуб 5 ээлжийн турш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид хожил байгуулж чадлаа. Гэхдээ Уурхайчин клуб 6 хожил 12 хожигдолтой буюу нийт 9 оноотой хүснэгтийн 7-р байранд эрэмбэлэгдэж байна. Харин Хилчин TG оны эхний тоглолтод хожигдсон ч гэсэн хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр. Тэд 16 хожил 3 хожигдолтой нийт 46 оноотэй тэргүүлж байна. Түүний араас Хөвсгөл Севен старс 13 хожил, 5 хожигдол 36 оноотой хоёрдугаар байранд бичигдэж байна. Хобби Эйс улирлын 11 дэх ялалтаа байгуулан хүснэгтийн 3-р байраа баталгаажууллаа. Тэд Минтонетт говийг 3-0 р буулгаж авсан. Энэ тоглолтод Т.Хикарү 22 оноо авч тоглолтын шилдгээр тодорсон. Тэрээр маш чухал үед 3 давуулалт амжилттай болгосон юм. Эмэгтэй лигийн хувьд хүснэгтийн эхний 3 багийн нэрс тодорхой болсон. Харин 4 болон 5-6-р байрлалын төлөөх өрсөлдөөн ширүүн байна.
“Алтай Барс Хилчин” яван чангарсаар

Алтай Барс Хилчин Натур баксыг 3:0-ээр хожлоо. Тэд улирлын 13 дахь хожлоо авснаар сүүлийн 8 тоглолт дараалан ялалт байгуулсан цөөхөн багийн нэг болоод байна. Энэ тоглолтод Мурад Жехан 29 оноо авсан юм.
Төв МИГ Вулвс баг Дархан Могулс багийг 3-0 харьцаатайгаар хожиж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Хоёр баг энэ улиралд 3 таарснаас Дархан Могулс нэг хожсон бол Вулвс сүүлийн хоёр тоглолтдоо хожоод байна. Тэд энэ улирал нийт 18 удаа тоглосноос 16 хожил 2 хожигдол гэсэн амжилттай 42 оноотой байна. Эрэгтэй лигийн хүснэгтийн байрлалын төлөөх тоглолтууд улам ширүүсэж эхэллээ. Одоо багуудад 3-р тойрогт 2-3 тоглолт дутуу. Эдгээр тоглолтын төгсгөлд ямар багууд флей-оффт шалгарч ямар багууд доошоо унаж буй нь тодорхой болно.
МВХ Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын тоглолтыг PSN болон Nsports суваг шууд дамжуулан үзүүлсээр байгаа. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид
- Oyu Tolgoi – “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!”
- DDish – “Оюуныг гэрэлтүүлнэ!”
- Sono – “Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!”
