Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 17 дахь хоногтоо үргэлжилж буй Иран улсад Элон Маскийн “Starlink” интернэтийн үйлчилгээ үнэгүй болжээ. Мягмар гаргаас эхлэн уг сүлжээний хураамжийг үнэгүй болгосон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Элон Маск нар энэ долоо хоногийн эхээр утсаар ярилцаж, Иранд “Starlink” үйлчилгээг холбох талаар хэлэлцэж байв.
Жагсаал цуглааны улмаас Ираны Засгийн газар сүүлийн хэдэн өдөр улс даяарх интернэт хандалтыг хязгаарласаар байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 2000 давжээ. Улс даяар интернэтийн сүлжээг тасалснаас болж, амиа алдсан хүмүүсийн бодит тоог тогтооход амаргүй байгаа юм.
Үүний зэрэгцээ иргэдийн интернэтэд нэвтрэх эрхийг эрх баригчид гацаах магадлал өндөр байгаа аж. Иранд интернэт үйлчилгээ үзүүлдэг 2 л компани байдаг тул иргэдийн интернэт хандалтыг хаах нь харьцангуй хялбар байдаг гэнэ. “Starlink” интернэт үйлчилгээ үнэгүй болох нь Иран дахь идэвхтнүүд, тэмцэгчдийн хувьд таатай алхам болж байна.
Дайн байлдаантай байгаа бүс нутагт “Starlink” интернэт сүлжээг оруулах нь АНУ-ын зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: CNN

