АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Грийнландыг эзэмших төлөвлөгөөг нь эсэргүүцсэн Дани тэргүүтэй Европын долоон орны бараанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Дани улсын мэдэлд байдаг Грийнланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэж Трамп удаа дараа мэдэгдсэн юм. Мөн төлөөлөгчдөө ч хэлэлцээ хийлгэх гэж илгээсэн. Харин Дани улс үүнийг эрс эсэргүүцэн, шүүмжилж байгаа.
Улмаар Дани тэргүүтэй долоон орны импортын бүх төрлийн бараанд 10 хувийн татвар тогтоож буйгаа Трамп бямба гарагт мэдэгдсэн байна.
Энэ нь 2-р сарын 1-нээс эхлэн Их Британи, Франц, Герман зэрэг оронд хэрэгжих юм. Мөн 6-р сарын 1-нээс эхлэн энэ татварын хэмжээ 25 хувь болж өснө гэдгийг анхаарууллаа. Энэхүү шинэ татвар өмнө нь авч байсан татвар дээр нэмэгдэж байгаа бололтой гэж шинжээчид үзэж байна. Трамп цахим хуудсандаа “Энэ татвар нь Грийнландыг бүрэн эзэмшиж авах хэлэлцээрт хүрэх хүртэл хүчинтэй. Тэд бидэнд нэмэлт татвар төлсөөр байх болно” гэж бичжээ. Эдгээр улс үл мэдэгдэх шалтгаанаар Грийнланд руу цэрэг илгээсэн болохоор ийм татварыг ногдуулсан гэж Трамп тайлбарласан байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын үзүүлэх аливаа заналхийлэл, шахалт нь Украин, Грийнланд эсвэл Дэлхийн аль ч хэсэгт Европын байр сууринд нөлөөлж чадахгүй гэж олон нийтийн сүлжээнд бичжээ. Тэрбээр тарифын заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд, уг татвар хэрэгжвэл Европ тивийн орнууд нэгдсэн, уялдаа холбоотой хариу өгнө гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: BBC

