horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АТГ-т шалгагдаж буй П.Баттулга ба Б.Чойжилсүрэн нарын хамаарал

post-img

ПҮРЭВИЙН БАТТУЛГА

АТГ “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, хуучнаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг сэжиглэн, шалгаж эхэллээ. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн талаар https://time.mn/n/141897 холбоосоор уншаарай.

Одоо “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Пүрэвийн Баттулгатай танилцацгаая.

Увс аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн, аймгийн заан П.Баттулга одоо Увс аймгийн ИТХ-ын даргаар ажилладаг. Увс аймгийн Улаангом сумын VI багаас 2 удаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогджээ. Орон нутгийн сонгуулийн дараа 2024.10.28-нд Увс аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг П.Баттулгыг нэр дэвшүүлснээр 18 төлөөлөгчийн буюу 54.54 хувийн санал авч, аймгийн ИТХ-ын даргаар сонгогджээ. Үүний зэрэгцээ Увс аймгийн МАН-ын хорооны тэргүүн дэд дарга.

1980-1990 онд Улаангом сумын 3-р сургуульд сурч, аймгийнхаа Төв номын санд номын санчаар ажиллаж байгаад, 1992 онд Ардын армийн 029-р тусгай ангид цэргийн алба хаажээ. Цэргээс халагдаад, 1993 онд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад, 2011 онд “Хан-Абсолют” ХХК-ийг байгуулж, бизнес эрхлэхийн зэрэгцээ 2012-2015 онд “Шихихутаг” дээд сургуульд сурсан байна.

Энэ хооронд Б.Чойжилсүрэнгийн Увс аймаг дахь бие төлөөлөгч, сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Б.Чойжилсүрэнг 2016 онд Сангийн сайдаар томилогдоход, П.Баттулга Төрийн банкны салбарын захирал болжээ. Тухайн үед П.Баттулга 5 байр, үйлчилгээний зориулалттай 1 обьект, 2 өвөлжөө, “Ланд круйзер 200” загварын машин, 5 адуу, 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 34 сая төгрөгийн хадгаламжтай байв. 1169, 1277, 2238 ам м талбайтай 3 газар эзэмшдэг. 2020 онд Төрийн банкны ажлаа өгчээ.

Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдын суудалд 2022 онд тухлахад нь П.Баттулга тухайн жил “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын захирлаар очжээ. 2022 онд хаустай болсон бол 5 байр нь 3 болжээ. 1 гарааш, 2 машины зогсоол, “Лексус RX 350” загварын машин нэмж авчээ. Үйлчилгээний зориулалттай 1 обьектоо 2 болгосон байна. Обьектуудынх нь нийт үнэлгээ 2.9 тэрбум төгрөг. Хадгаламж нь 202 сая болж, 168 саяар нэмэгджээ.

2023 онд 78.3 сая төгрөгийн орлоготой байсан П.Баттулгын орлого жилийн дараа 119.9 сая болж өссөн байна. Гэр бүлийнх нь орлого ч 124.7 саяас 144.9 сая төгрөг болж нэмэгджээ. Үүнийг дагаад орон сууцных нь тоо ч 1-ээр нэмэгдэж, 4 болсон бол амины хаус, хашаа байшин нь хэвээрээ байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний зориулалттай 2 обьекттой. 2023 нд машины 1 зогсоолтой байсан бол 2024 онд 3 болжээ. 8 адуу, 18 үхэртэй. 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Банкинд 275 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 301 сая төгрөгийн авлагатай. “Голомт” банкнаас 440 сая төгрөгийн зээлтэй.

2023 он хүртэл “Хан-Абсолют” ХХК-иа өөрийнхөө нэр дээр байлгаж байгаад, ИТХ-ын дарга болсноор уг компаниа бусдад шилжүүлжээ. Тэр 2024.10.28-нд Увсын ИТХ-ын дарга болсон. “Хан-Абсолют” ХХК-иа 2024.09.18-нд Ц.Бат-Очирт шилжүүлжээ. Ц.Бат-Очир нь тус компанийн хаяг дээр Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш”-ийг бүртгүүлсэн байна.

МАРАЛХАНЫ КАДИРБЕК

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбарын захирал Маралханы Кадирбек “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлаар 2021.11.29-нд томилогджээ. Засгийн газар 2025.07.02-нд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэсэн.

М.Кадирбек уг албан тушаалд томилогдохдоо 30.3 сая төгрөгийн орлоготой байсан бол 3 жилийн дараа 27.1 сая болж багассан байна. Харин гэр бүлийн орлого нь 2021 онд 23.8 сая байсан бол 2024 онд 53.3 сая болж нэмэгджээ. Хадгаламжинд нь байсан 27 сая төгрөг нь 2024 онд 59.6 сая болсон байна. 2021 онд “Голомт” банкинд 96.9 сая төгрөгийн зээлтэй байсан бол “Хас банкнаас нэмж зээл аван, 241 сая төгрөгийн өртэй болсон байна.

181.1 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, зуслангийн 1 байшинтай. “Приус”, “Лексус 470” загварын машинтай байсан бол 2024 онд “Приус”-ээ “Лексус HS 250” болгож сайжруулжээ. Өмчилсөн 146 м2 болон 322 м2 газартай. 2006.12.22-нд тэрээр “Менталики” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад, 2023.04.19-нд Емелханы Берикболдыд шилжүүлжээ.  

Уг нь 2014.10.20-нд “Менталики” ХХК-иа М.Кадирбек зөвхөн сургалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж олон нийтэд компанийнхаа фэйсбүүк хуудсаар зарлажээ. Тэгсэн атлаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-аас 2020.07.22-нд зарласан трансформатортой шугам өргөтгөх 41 сая төгрөгийн тендерт “Менталики” ХХК 40.802.354 төгрөгийн саналаар ялсан байна. Үйл ажиллагааны чиглэлээ гэр ахуйн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэл гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ компани эрчим хүчний тендерт ялсан нь сонин. ЭХЯ-наас 2024.10.07-нд А/217 дугаар тушаалаар 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай авчээ.

0/1000