Францын эрх баригчид “Гэрлэлтийн эрх” буюу “Гэрлэлт бол бэлгийн харилцаанд орох үүрэгтэй” гэсэн уламжлалт ойлголтыг эцэслэх хууль баталжээ. Лхагва гарагт Францын Үндэсний Ассамблей иргэний хуульд “Хамтын амьдрал нь бэлгийн харилцаанд орох үүрэг хариуцлага үүсгэдэггүй” гэдгийг тодорхой илэрхийлсэн заалт нэмж оруулсан байна. Энэ хуулийг баталснаар хосууд “Бэлгийн харьцаанд ордоггүй” гэх шалтгааныг гэр бүл салах үндэслэл болгох боломжгүй болжээ.
Уг хууль батлагдсанаар гэрлэлт нэрийн доор үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийг зогсооход маш том хувь нэмэр оруулна гэж хууль тогтоогчид үзэж байна. Францад 2019 онд болсон гэр бүл салгах нэгэн шүүх хурлын үеэр нэг эмэгтэй хэдэн жилийн турш нөхөртэйгөө бэлгийн харилцаанд орохоос татгалзсан шалтгаанаар буруутгагдаж байв. Тус эмэгтэй дараа нь Европын Хүний Эрхийн Шүүхэд давж заалдаад, өнгөрсөн онд Францын шүүхийн шийдвэрийг буруутгасан дүгнэлт гаргуулжээ. Үүнийг феминист хөдөлгөөний идэвхтнүүд “Чухал ахиц дэвшил” хэмээн тэмдэглэж байлаа.
Европын Хүний Эрхийн Шүүхийн уг дүгнэлтийн дараа Францын шүүгчид өмнөхтэйгөө ижил шийдвэр гаргах боломжгүй болсон байна. Тиймээс Иргэний хуульд өөрчлөлт оруулж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: BBC

