АНУ-ын Нью-Йорк хотод хүйтний эрч эрс чангарчээ. Үүний улмаас 18 хүн амиа алдсан гэж тус хотын дарга мэдэгдэв. 1-р сарын сүүлчээс эхлэн, Нью-Йорк хотод хүйтний эрч чангарч, 13 хоногийн турш цаг агаар Цельсийн 0 болон түүнээс доош хэмд хүрч хүйтэрсэн байна. Энэ нь Нью-Йорк хотод сүүлийн олон жилийн хугацаанд хамгийн олон хоног хасах хэм рүү орсон үзэгдэл болжээ.
Даваа гарагт Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани “Өнгөрсөн амралтын өдрүүдээр гудамжинд нэг хүн осгосон. Хүмүүс амиа алдана гэдэг харамсалтай хэрэг. Бид амиа алдсан хүн бүрийн ар гэрийнхэнд анхаарал тавих болно” гэж мэдэгдсэн байна.
Тус хотод энэ долоо хоногоос дулаарахаар байгаа хэдий ч агаарын температур өвлийн дундаж хэмээс доогуур байна. Тиймээс Зохран Мамдани иргэддээ хандаж “Гэртээ аюулгүй байж, эргэн тойрны хүмүүстээ анхаарал тавиарай” гэж зөвлөжээ. 1-р сарын 19-нөөс хойш Нью-Йорк хотод аюулын цэнхэр дохио зарлаж, 1400 байрыг хүйтнээс хоргодох газар болгосон гэж хотын дарга мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

