УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 6 хоногийн өмнө “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх утгатай мэдээлэл хийсэн. Энэ нь ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байгаа, хамрагдаж чадаагүй олон мянган иргэнийг шооконд оруулав.
Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбоо үүнд хариу өгөхөөр албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан” гэх мэдээлэл ташаа. 5-аас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй” гэжээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад буй “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэлийг албан ёсоор няцааж байна.
Монголбанкны эх үүсвэрээр 2013-2016 оны хооронд 1,584 иргэн давхардуулж зээл авсан байна. Таваас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй байна. Хөтөлбөрийн журамд 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Монголбанкны эх үүсвэрээр санхүүждэг хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа давхардуулан авахыг хатуу хориглосон заалт оруулснаар олон удаа давтан авах боломж хууль, журмын хүрээнд байхгүй болсон болно.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь Монголбанкны баталсан холбогдох журам болон Санхүүгийн зохицуулах хорооны давхар хяналтад хэрэгжиж, сар, улирал тутам тайлагнадаг, ил тод, хяналтын тогтолцоотой. Олон нийтийн сүлжээгээр тараад буй мэдээлэл нь хууль, журам, хэрэгжилтийн бодит байдалтай нийцээгүй, ташаа ойлголт төрүүлсэн худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сүүлийн үед эрх баригчид бодлого, зохицуулалтын алдаагаа хувийн хэвшилд тохож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр удаа дараа бизнесийн нэр хүндэд халдаж буй явдалд мэргэжлийн холбоо харамсаж байна.


