Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европыг Дэлхийн индэр дээр гарч, хамгийн хүчирхэг холбоо байж эхлэхийг уриалжээ. Европын холбоо Хятад, ОХУ, АНУ-ын шахалтад орж буй энэ цаг үед Макрон “Европ тив сэрэх цаг болсон” гэж мэдэгджээ.
“Бид Дэлхийн хамгийн хүчирхэг холбоо болоход бэлэн байна уу? Энэ бол манай эдийн засаг, санхүү, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар болон ардчиллын системд хамааралтай асуулт. Өөр цаг үед байсан бол бид “Эрх мэдлээ ашиглах цаг боллоо” гэж хэлэх байсан байх” гэж Эммануэль Макрон мэдэгджээ. Макрон энэ долоо хоногийн сүүлчээр Бельги улсын Брюссель хотод болох Европын Холбооны чуулга уулзалтад оролцоно.
Эммануэль Макрон “Ирээдүйн зардлаа санхүүжүүлэхийн тулд хамтарсан өрийн чадавхыг нэвтрүүлэх цаг ирлээ. Ирээдүйн төлөөх евробонд энэ асуудлыг шийднэ. Хамгийн шилдэг төслүүдийг санхүүжүүлэхийн тулд бидэнд томоохон хөтөлбөрүүд хэрэгтэй” гэсэн байна.
Макроны энэ саналыг өмнө нь Герман болон Европын бусад орон шүүмжилж байв. Франц улс өр төлбөрийн асуудлаа өөрсдөө шийдэж чадахгүй байгаа болохоор Европыг ашиглах гэж оролдож байна гэж энэ тивийн орнууд үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC

