Испанийн ерөнхий сайд Педро Санчес АНУ-ын Иранд хийж буй дайныг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “Дайнд үгүй гэж хэлцгээе” хэмээн уриалжээ.
Мягмар АНУ-ын Иранд хийж буй дайнд Испани улс Ойрхи Дорнод дахь цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсаны төлөө Доналд Трамп уурлаж, Испанитай арилжаагаа бүрмөсөн зогсооно хэмээн сүрдүүлж байв.
Тэгвэл өчигдөр Испанийн ерөнхий сайд Педро Санчес телевизээр цацсан 10 минутын урттай мэдэгдэлдээ АНУ-ын Иранд хийж буй дайныг дэмжихгүй гэдгээ дахин илэрхийлж, АНУ-ын хийж буй үйлдэл бол олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр 20 жилийн өмнө болсон Иракын дайны талаар дурдаж, “Бид тэр үед АНУ-д цэргийн баазуудаа ашиглуулж алдаа гаргасан. Ахиж тийм алдаа гаргахгүй” хэмээн мэдэгдэж, Испанийн засгийн газар “Дайнд үгүй гэж хэлэх” байр суурьтай байгааг илэрхийлсэн байна.
Мөн оны эхээр АНУ Венесуэл улс руу халдан довтолж, ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах үед Педро Санчес мөн АНУ-ыг шүүмжилсэн байр суурьтай байлаа.
Испани улс мөн Газын Зурвас дахь дайнд Израилын халдлагыг хамгийн их эсэргүүцэж, дуу хоолойгоо хүргэсэн орон юм.
АНУ-ын Иранд хийж буй дайн өнөөдөр 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC

