Энэ зун АНУ-д болох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Ираны шигшээ баг оролцохооргүй болсон гэж Ираны Спортын яамны сайд Ахмад Доньямали мэдэгдлээ. Одоогоор Ираны хөлбөмбөгийн шигшээ баг албан ёсоор ДАШТ-ээс нэрээ татсан гэх мэдэгдэл хийгээгүй байна.
Ираны хөлбөмбөгийн шигшээ баг АНУ-ын Лос-Анжелес хотод 6-р сарын 15-нд Шинэ Зеландын шигшээгийн эсрэг тоглох хуваарьтай. Хэрэв Ираны шигшээ баг оролцохгүй гэж шийдвэл, тэдний зайг орлох багийг хэрхэн сонгохоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) богино хугацаанд шийдэх шаардлагатай болно гэсэн үг.
Ираны Спортын яамны сайд Ахмад Доньямали уг шийдвэрийн талаар “Өнгөрсөн 2-р сарын 28-нд АНУ, Израилын арми манай улс руу халдаж, дээд удирдагчийн аминд хүрсэн. Уг дайн ойрын хугацаанд зогсох шинжгүй байгаа энэ үед бид ДАШТ-д оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн байна.
Хэрэв Ираны шигшээ баг ДАШТ-д оролцохоос татгалзвал тэдний орон зайг Иракийн шигшээ баг орлох магадлал өндөр байгаа юм.
Эх сурвалж: BBC

