Украины дроны цохилтын улмаас ОХУ-ын газрын тосны экспортын 40 орчим хувь нь зогссон гэх тооцоог “Ройтерс” агентлаг гаргалаа. Энэ долоо хоногт Балтийн тэнгис дэх Оросын хоёр том экспортын боомт болох Приморск, Усть-Луга боомт хоёр удаа Украины дроны халдлагад өртөн, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнийг “Ройтерс” агентлаг Оросын орчин үеийн түүхэн дэх “хамгийн ноцтой тасалдал” гэж дүгнэжээ.
Энэ сарын эхээр өдөрт 700,000 торх газрын тос экспортлох хүчин чадалтай Хар тэнгисийн Новороссийск боомт мөн Украины дроны халдлагад өртөж, үйл ажиллагаа нь зогссон аж.
Үүнээс гадна Украины нутгаар дамжин өнгөрдөг Дружба хоолойд гэмтэл гарсны улмаас ОХУ-аас Унгар, Словак улсад нийлүүлдэг газрын тосны урсгал 1-р сараас хойш тасарсан. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украины тал Дружба хоолойг санаатайгаар хааж, газрын тосны хомсдол үүсгэж байна хэмээн буруутгаж байв.
Дээрх тасалдлуудын улмаас ОХУ-ын газрын тосны экспортын нийт хүчин чадлын 40 орчим хувь буюу ойролцоогоор өдөрт 2 сая торх газрын тосны нийлүүлэлт зогссон байна гэх дүгнэлтийг “Ройтерс” агентлаг гаргалаа.
Эх сурвалж: Reuters

