Нохой бол хүний хамгийн үнэнч найз билээ. Тэгвэл эртний ДНХ судлаачид хүн болон нохой хооронд дор хаяж 15,000 жилийн өмнө холбоо үүссэнийг олж тогтоожээ.
“Nature” сэтгүүлд нийтэлсэн уг судалгаагаар хүмүүс хөдөө аж ахуйн эрин үе цэцэглэн хөгжихөөс ч олон жилийн өмнө нохойг гэрийн тэжээвэр амьтан шиг тэжээж, зохих ёсоор оршуулдаг байсныг судлаачид олж тогтоосон байна. Энэ нь хүмүүс нохойг тэжээвэр амьтан болгож эхэлсэн хугацааг 5000 жилээр урагшлууллаа.
Тус судлаачид 15,800 жилийн настай тэжээвэр нохойн хамгийн эртний араг ясыг хүний араг ясны хажууд оршуулсан байхыг Туркийн Анатолийн хойгоос олжээ. Өмнө нь уг рекордыг Английн Сомерсет бүс нутаг дахь Гоуфын агуйгаас олдсон 14,300 жилийн настай нохойн эрүүний яс эзэмшдэг байв.

Людвиг-Максимилианы их сургуулийн доктор Лачи Скарсбрук “Тус судалгаа 15,000 жилийн өмнө нохойнууд аль хэдийнэ Английн Сомерсет бүс нутгаас Оросын Сибирийн ой хүртэл Еврази даяар амьдардаг байсныг харуулж байна. Энэ нь сүүлчийн мөстлөгийн үеэр хүмүүс нохойг тэжээвэр амьтан болгосон байх магадлалыг улам ихэсгэж байна. Үүнээс 10,000 жилийн дараа л хүмүүс өөр ямар нэг амьтан, ургамлыг гэртээ тэжээж эхэлсэн” гэж мэдэгджээ.
Өмнө нь археологийн нотлох баримтуудад үндэслэн, хүмүүс нохойг 12,000 орчим жилийн өмнө, сүүлчийн мөстлөг дуусахаас өмнөхөн тэжээж эхэлсэн гэж судлаачид тооцдог байв.
Эх сурвалж: The Guardian

