Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Саудын Арабт айлчилжээ.
Зеленский пүрэв гарагт Саудын Арабт айлчлахаасаа өмнө “Украины дронууд Персийн Буланд аюулгүй байдлыг сахихад чухал үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн мэдэгдэж, Персийн Булан дахь орнууд руу Украины дроны мэргэжилтнүүдийг явуулах санал тавьсан байна.
Зеленский сошиал медиагаар “Бид чухал уулзалтууд төлөвлөсөн байгаа. Аюулгүй байдлыг сахихын тулд бидэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа орнуудад бид талархаж, мөн тэднийг дэмжиж байна” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр “Дайны үед зөвхөн шинэ зэвсэг (ялангуяа дрон) үйлдвэрлэх нь чухал биш. Гол нь тэр зэвсгээ ашиглаж мэддэг байх нь чухал. Бидэнд энэ тал дээр туршлага бий” гэж мэдэгдсэн байна.
Зеленский Саудын Арабт ингэж тусламж үзүүлснийхээ хариуд Украиныг Оросын дайралтаас хамгаалах тал дээр Саудын Арабаас туслалцаа хүсэх болно гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC

