АНУ, Израилын арми өнгөрсөн сарын сүүлчээр Иран руу халдсан. Үүний хариуд Ираны арми Ормузын хоолойг хаасны улмаас Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20% нь зогссон аж. Ормузын хоолойгоор дамжин гардаг газрын тосны ихэнх хувь нь Азийн орнууд руу тээвэрлэгддэг байв. Ормузын хоолой хаагдсаны улмаас Ази тивийн ихэнх улсад газрын тос хомсдож, бензиний үнэ өслөө.
Тэгвэл Иранд болж буй дайны улмаас газрын тосны дутагдалд орсон Азийн орнууд Оросын түүхий газрын тосны төлөө өрсөлдөж эхэлжээ.
Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд, Оросын далайд тээвэрлэж байгаа газрын тосны хоригийг АНУ түр зуур цуцалсан байна. ОХУ-ын далайд тээвэрлэж байгаа газрын тос эхлээд Энэтхэгт, дараа нь Дэлхийн бусад оронд очихоор болжээ.
Ази тивд газрын тосны эрэлт хэрэгцээ өсөж байгаа энэ үед Орос улс газрын тосноос хэдэн арван тэрбум ам.долларын ашиг олж байгаа юм. Гэвч ОХУ түүхий газрын тосны экспортоо нэмэгдүүлэхэд хязгаар бий гэж мэргэжилтнүүд үзэж байна. ОХУ-ын газрын тосны экспорт Украинтай дайн зарласнаас өмнөх үеийнх шиг дээд хэмжээндээ очжээ.
Ираны дайн эхлэхээс өмнө ОХУ-ын газрын тосыг хамгийн их импортолдог орнууд нь Хятад, Энэтхэг, Турк байв. Гэвч Ормузын хоолой хаагдсаны улмаас Зүүн өмнөд Азийн ихэнх орон газрын тосны хомдолд орсон аж. Тэгвэл энэ сард Филиппин, Индонез, Тайланд, Вьетнам зэрэг орон ОХУ-ын газрын тосыг импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Ази тивийн бусад орон ч ОХУ-ын газрын тосны төлөө өрсөлдөнө. Гэсэн ч тэдний хамгийн том өрсөлдөгч бол Хятад, Энэтхэг юм.
Эх сурвалж: ABC News

