Ид үедээ CS-ын “Major” болон “Intel Grand Slam”-д түрүүлж, Counter Strike-н ертөнцийг ноёрхож явсан “Faze” баг 2016 онд CS тоглоомын мэргэжлийн түвшинд орж ирснээсээ хойш “Major” тэмцээнийг өнжиж үзээгүй байв. Сүүлийн үед огцом уналтад ороод байгаа “Faze” баг 6-р сард болох “IEM Cologne Major”-т уригдахгүй байх аюулд орсон юм. Тэдний сүүлчийн итгэл найдвар нь “HLC Belgrade Pro” тэмцээнд түрүүлэх явдал байв. Гэвч тэд уг тэмцээний финалд BIG багт 1:2 харьцаатай хожигдож, “Major”-т уригдах найдвар үгүй боллоо.
Ийнхүү “Faze” баг CS-д орж ирснээсээ хойш түүхэндээ анх удаа уг тэмцээнийг өнжихөөр болж байна. 10 жил багтаа үнэнч зүтгэсэн Rain-ыг багаасаа хассанаас хойш тэдний хувьд бүх зүйл буруугаар эргэж, чөлөөт уналт хийж байна. Дасгалжуулагч Neo-г хассан нь ч тэдний асуудлыг шийдсэнгүй, улам л дордууллаа. Тэд сүүлийн үед оролцсон бүх тэмцээндээ өөрсдөөсөө сул багуудад хожигдож, ямар ч хожих хүсэлгүй тоглож байгаа. “Faze” багийг “Astralis”-ын замаар чөлөөт уналт хийж байна гээд хэлэхэд буруудахгүй болов уу!
Хэдийгээр “Faze” одоо хэтэрхий сул болсон ч гэсэн үе үеийн “Major” тэмцээнд дээгүүр байр эзэлдэг. Өөрөөр хэлбэл тус тэмцээнд орохоороо “Сүнс нь сэргэдэг” гайхамшигтай баг байв. 2024 оны хоёр “Major” тэмцээнд хоёуланд нь тэд финалд шалгарсан ч хожиж чадаагүй. 2025 оны “Budapest Major”-т тэд нэгдүгээр шатны сүүлчийн тоглолтдоо хожигдоход 0.4-хөн секундын зөрүүтэй байсан ч хожиж, явсаар явсаар финалд шалгарч гайхамшиг бүтээсэн нь саяхан билээ. Харин “Budapest Major”-оос хойш тэд нар үзэхгүй явсаар ийнхүү “IEM Cologne Major”-ыг өнжихөөр болж байна.
Тэд энэ эрчээрээ доош унасаар байх болов уу? Эсвэл 2026 оны 12-р сард болох “PGL Singapore Major”-т эргэн ирэх болов уу?

