АНУ, Иран улс гал зогсоох хэлэлцээр хийсний дараа хувьцааны зах зээл өсөж эхэллээ. Үүний нөлөөгөөр Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ лхагва гарагт 256 тэрбум ам.доллароор өсжээ. Энэ нь “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекст бүртгэгдсэн, ганцхан өдөрт гарсан хамгийн их өсөлтүүдээс 2-рт бичигдэх үзүүлэлт болов.
Лхагва гарагт “Dow Jones Industrial Average” индекс 2.85%-иар, S&P 500 индекс 2.51%-иар өссөн. Энэ нь тэрбумтнуудын хөрөнгө 1 өдрийн дотор их хэмжээгээр өсөхөд чухал нөлөө үзүүлсэн байна.
Тодруулбал: “Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө лхагва гарагт 12.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж, хөрөнгийн өсөлтөөр тэргүүлжээ. Харин LVMH компанийн гүйцэтгэх захирал Бернар Арногийн хөрөнгө $9.89 тэрбумаар нэмэгдэж, хоёрт бичигдсэн байна. Мөн “Гүүгл” компанийг хамтран үүсгэн байгуулагч Лэрри Пэйж, Сергей Брин нарын хөрөнгө тус тус 8 тэрбум ам.доллароор өсжээ.
Тэрбумтнуудын индекст багтсан 61 хүний хөрөнгө тус бүр 1 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч энэхүү өсөлт тэрбумтнуудын 2026 онд амссан нийт алдагдлыг нөхөж чадаагүй юм.
Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тарифын арга хэмжээгээ 90 хоногоор хойшлуулсны дараа “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс ганц өдөрт $304 тэрбумаар нэмэгдэж байв. Энэ нь индексийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй өсөлт болж байлаа.
Энэ он гарснаар Дэлхийн хамгийн чинээлэг 500 тэрбумтны алдсан нийт хөрөнгө 38.8 тэрбум ам.доллартой дүйцэж буй. Тэдний хөрөнгийн нийт хэмжээ одоогоор 11.7 их наяд ам.доллартой тэнцэж байна.
Эх сурвалж: Bloomberg, Fortune

