АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эхнэр, тус улсын тэргүүн хатагтай Мелания Трамп өчигдөр Цагаан ордноос ховор мэдэгдэл хийв. Тэр бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштэйнтэй өөрийг нь холбосон дуулианд хариу өглөө.
Мелания Трамп ” Би Жеффри Эпштэйнтэй холбоогүй байсан. Намайг түүнтэй холбосон бүх мэдээлэл өнөөдөр дуусах ёстой” гэж мэдэгджээ. Пүрэв гарагт Цагаан ордонд хийсэн уг гэнэтийн мэдэгдлийнхээ үеэр Мелания Эпштэйний хэргийн хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулахыг Конгрессын гишүүдэд уриалсан байна.
Мелания Трамп мөн өөрийг нь Доналд Трамптай Жеффри Эпштэйн танилцуулсан гэх цуурхлыг няцааж, “Энэ нь миний нэр хүндийг унагах гэсэн оролдлого” гэж тайлбарлажээ. Түүнийг юу ийм гэнэтийн мэдэгдэл хийхэд хүргэсэн нь тодорхойгүй байна.

Тэрбээр өөрийгөө Эпштэйний хохирогч болоогүй гэснээс гадна түүнтэй 2000 онд “Хальт л тааралдсан” гэж хэлсэн байна. Мелания Эпштэйний талаар “Би Эпштэйнийг огт таньдаггүй. Түүний гэмт хэргийн талаар огт мэддэггүй байсан. Би түүний үйл ажиллагаанд ямар ч хэлбэрээр оролцоогүй” гэж үгүйсгэжээ.
Эх сурвалж: BBC

