Жил бүрийн 12-р сард АНУ-ын Нью-Йорк хотод болдог “SantaCon” хандивын аяны зохион байгуулагч луйврын хэргээр баривчлагджээ. “SantaCon” бол Нью-Йорк хотод зохион байгуулдаг, олон нийтийг хамруулсан хандивын аян юм. Тус аяны үеэр хүмүүс Санта Клаус шиг хувцаслаж, хот даяарх уушийн газруудад очин, алкохол уудаг аж. Жил бүр зохион байгуулдаг тус аянд ойролцоогоор 25,000 хүн оролцдог гэнэ.
Тус аяныг зохион байгуулсан Стефан Пилдес гэгч хүн “SantaCon” хандивын аянаар босгосон мөнгөнөөс 1 сая ам.доллар хувьдаа завшсан нь тогтоогдсон гэж Нью-Йорк хотын шүүхийн прокурорууд мэдээлжээ.
“Стефан Пилдес “SantaCon” үйл ажиллагааг хандивын аян нэрэн дор зохион байгуулдаг ч гэлээ цугларсан олон сая долларыг хандивт өгөхийн оронд хувьдаа ашигладаг. Тэр Нью-Йоркийн иргэдийн өгөөмөр сэтгэлийг ашиглаж, өөрийнхөө амьдралыг санхүүжүүлсэн” гэж Нью-Йорк хотын шүүхийн прокурор Жэе Клэйтон мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жилийн “Santacon” аяны үеэр 2.7 сая ам.доллар цугларчээ. Стефан Пилдес үүнээс $365,000-аар нь Нью Жерси муж дахь байшиндаа засвар хийж, $124,000-аар нь Манхаттан хотод байшин худалдан авч, $3,000-аар нь төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан байна. Тэр энэ мэтчилэн $1 саяыг нь хувьдаа завшсан гэж прокурорууд мэдээллээ. Харин $2.7 саяын талыг нь л бусдад хандивласан гэж шүүхийн баримтад дурдсан байна.
Стефан Пилдесийн гэм бурууг шүүх хурал үргэлжилж байгаа аж. Түүнд 20 жил хүртэл шоронд хорих ял оноох боломжтой.
Эх сурвалж: BBC

