Ливан улсад байдаг Есүс Христийн хөшөөг алхаар цохиж сүйтгэсэн Израилын цэрэг болон түүний зургийг дарсан цэргийг шийтгэжээ. Тэдэнд 30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан гэж Израилын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Тэднийг хөшөө сүйтгэж байхад тэнд байсан ч уг хэргийг таслан зогсоох гэж оролдоогүй, цааш нь мэдэгдээгүй өөр 6 цэрэгт тус тусад нь арга хэмжээ авахаар болсон байна.
Даваа гарагт Ливаны өмнө хэсэгт орших Дебел тосгонд Есүсийн хөшөөг Израилын армийн цэрэг цохиж сүйтгэсэн зураг онлайн орчинд тархсан юм. Үүнийг харсан олон нийт тэднийг шүүмжилсэн. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ зургийг хараад цочирдож, сэтгэлээр унасан тухайгаа мэдэгдэж байлаа.
Мягмар гарагт Израилын Батлан хамгаалах яам “Тус 2 цэргийг шийтгэхээс гадна тэдний эвдсэн хөшөөг нутгийн иргэдтэй хамтарч, шинэ хөшөөгөөр сольсон” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

