“Мета” компани хиймэл оюуныг хөгжүүлэх төслүүдэд илүү их мөнгө зарцуулахын тулд дараа сард 8000 ажилтнаа цомхотгохоор болжээ. Пүрэв гарагт тус компани ажилтнууддаа тараасан мэдэгдэлдээ нийт ажиллах хүчнийхээ 10%-ийг цомхотгохоор болсноо мэдэгдсэн байв. Энэ нь ойролцоогоор 8000 ажилтан гэсэн үг юм. “Мета”-гийн хэвлэлийн төлөөлөгч уг шийдвэрийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нарийн мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Мөн тус компани нэмж хүн ажилд авахгүй юм байна.
Ажилтныхаа тоог цөөлөх болсон хамгийн том шалтгаан нь хиймэл оюуныг хөгжүүлэхэд зарцуулах мөнгөө ихэсгэсэнтэй холбоотой. Энэ жил “Мета” компани хиймэл оюунд $135 тэрбум зарцуулахаар төсөвлөжээ. Энэ нь тус компанийн өнгөрсөн 3 жилд хиймэлд оюуныг хөгжүүлэхэд зарцуулсан нийт мөнгөтэй тэнцэнэ.
“Мета”-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг “Хиймэл оюунаар хөгжүүлсэн хэрэгслийг ашиглах нь одоо илүү үр дүнтэй болж байгаа. Хиймэл оюун ашиглаж байгаа ганц хүн өмнө нь бүтэн баг хөлсөлж хийлгэдэг байсан ажлыг одоо ганцаараа хийж чаддаг болсон. 2026 оноос эхэлж, хиймэл оюун бидний ажиллах арга барилыг асар ихээр өөрчлөх болно гэж би бодож байна” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт “Ройтерс” агентлаг “Мета” компани энэ жил 10,000 ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна” гэж мэдээлж байв. Зөвхөн “Мета” гэлтгүй технологийн өөр олон том компани хиймэл оюуны технологид асар их мөнгө зарцуулж, ажилтнуудаа цомхотгож эхэлжээ. Жишээ нь” “Амазон” компани 30,000 ажилтнаа цомхотгосон бол “Оракл” компани 10,000 ажилтнаа халжээ. Мөн “Блок” компани нийт ажилтнуудынхаа тал хувийг буюу 4,000 ажилтнаа цомхотгосон байна.
Мөн энэ долоо хоногт “Мета” компани хиймэл оюуныг хөгжүүлэхийн тулд бүх ажилтнуудынхаа ажлын компьютерт програм суулгаж, маузны хөдөлгөөн болон кейбордны товчлууруудын даралт бүрийг бүртгэж авахаар болсноо мэдэгдэж байв. “Мета” компанийн нэг ажилтан BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ компани хиймэл оюунд бүр донтчихсон байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

