Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн оройн зоогийн үеэр гал нээж, Трампыг хөнөөх гэж завдсан этгээд цагийн багшаар ажилладаг, видео тоглоом хөгжүүлэгч байсныг тогтоожээ. 31 настай, Калифорни мужийн Торранс хотоос гаралтай Коул Томас Аллен хагас цаг багшлахаас гадна видео тоглоом хөгжүүлдэг аж. Эрх баригчид түүнийг хүндэтгэл хүлээсэн багшаас алуурчин болж өөрчлөгдсөн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна. Гэрийнхэндээ бичсэн түүний захидлуудыг нь уншиж эхэлжээ.
Коул Томас Аллен халдлага үйлдэхээсээ өмнө гэр бүлийнхэндээ илгээсэн захидлаа “Юуны түрүүнд итгэлийг нь алдсан хүмүүсээсээ уучлал гуйя” гэж эхлүүлжээ. Уг захидалдаа Аллен Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг онилох зорилготой байгаагаа илэрхийлж, улс төрд хэр их бухимдаж яваагаа бичсэн байв. Тэр “Намайг уучилна гэж бодохгүй байна” гэж бичжээ.
Сэжигтний эгчийнх нь мэдээлснээр Аллен сүүлийн үед радикал байр суурь илэрхийлэх хандлагатай болж, галт зэвсэг худалдан авч, буудлагын талбайд тогтмол бэлтгэл хийдэг болсон байна.
Сүүлийн өдрүүдэд үг нь үйлдэл болон хувирч, Аллен Лос Анжелесоос галт тэргээр явж Чикаго хотоор дамжин Вашингтон хотод хүрч, сэтгүүлчдийн оройн зоогийн арга хэмжээг зохион байгуулж байсан тухайн зочид буудалд байрласан байна. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Доналд Трамп болон Засгийн газрын бусад өндөр албан тушаалтан оролцож байв.

Бямба гаргийн орой Аллен уг үйл ажиллагааны хамгаалалтыг нэвтрэх гэж оролдох үедээ хэд хэдэн удаа буудаж, сум нэвтэрдэггүй хантааз өмссөн Ерөнхийлөгчийн нууц албаны нэг ажилтныг оносныхоо дараа баривчлагдсан байна.
АНУ-ын Колумбын тойргийн прокурор Жинин Пиррогийн мэдээлснээр сэжигтэнд галт зэвсэг ашигласан хоёр, холбооны албан хаагчид халдсан нэг зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Сэжигтэн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: CNN

