horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Оросын газрын тосны үйлдвэр Украины халдлагад дахин өртсөнөөр томоохон гал гарчээ

post-img

Хар тэнгисийн эрэг дэх Оросын Туапсе хотын газрын тос боловсруулах үйлдвэр өчигдөр Украины дроны халдлагад өртөв. Үүний улмаас уг үйлдвэрт томоохон гал гарч, ойролцоох барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Голчлон экспортын зориулалттай газрын тос боловсруулдаг “Роснефть” компанийн уг үйлдвэр өмнөх халдлагын улмаас 4-р сарын 16-наас хойш үйл ажиллагаагаа зогсоосон байв. Тэгвэл өчигдөр уг үйлдвэр дахин халдлагад өртлөө.

ОХУ-ын тал уг халдлагад Украиныг буруутгасан бол, Украины арми уг халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, тус үйлдвэр нь ОХУ-ын Украин руу хийсэн дайралтыг санхүүжүүлсэн тул бөмбөгдсөн гэж мэдээлжээ.

“Галыг унтраахаар 160 гал сөнөөгч дайчилсан” гэж Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев мягмар гарагт мэдээлжээ. Уг халдлагын улмаас амиа алдсан хүн бүртгэгдээгүй байна. Халдлагын дараа Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев “Туапсе хотод дахин нэг ноцтой хэрэг гарлаа. Дроны дайралтын дараа газрын тос боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний гал гарсан” гэж телеграм сувгаараа мэдээлжээ.

Туапсе хотод харьяалагддаг уг дүүргийн захирагч Сергей Бойко гал тархах аюул өндөр байгаатай холбогдуулан үйлдвэрийн ойролцоох барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан байна.

Өмнөх халдлагын дараа Туапсегийн үйлдвэр болон ачаа тээврийн боомтод гарсан галыг унтраахад нэлээд хэдэн хоног зарцуулж байлаа. Энэ үеэр мөн тэнгисийн усанд их хэмжээний газрын тос асгарсан. Иргэд “тэнгэрээс хар бороо орсон” гэж мэдээлж байлаа.

Эх сурвалж: Reuters, BBC

0/1000