Германы зүүн хэсэгт орших Лейпзиг хотод 5-р сарын 4-нд машинтай этгээд хүмүүс рүү дайрсны улмаас 2 хүн амиа алдаж, 22 хүн гэмтжээ. Тус хотын захирагч Буркхард Юнг мэдэгдэхдээ “Сэжигтэн этгээд болох 33 настай герман иргэнийг баривчилсан. Ийм хэрэг хийх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг этгээд автомашинаар хотын төвийн Grimmaische Straße орчимд олон хүнийг дайрсны дараа зугтсан байна. Хотын гал түймрийн албаны дарга Аксель Шух нийт 22 хүн гэмтсэнээс 2-ынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлэв. Саксони мужийн захирагч Михаэль Кречмер сэжигтнийг өмнө нь сэтгэцийн өвчтэй байсан гэж мэдэгджээ. Лейпциг хотын Прокурорын газар нас барсан хүмүүсийг 63 настай эмэгтэй, 77 настай эрэгтэй, хоёулаа Германы иргэн байсныг баталсан байна.
Гэрчийн мэдээлснээр автомашин явган зорчигчдыг мөргөснийхөө дараа хамгаалалтын баганууд дээр зогсоход, 1 эмэгтэй машины дээврээс унасан байна. Ойр орчмын хүмүүс уг эмэгтэйд анхны тусламж үзүүлж, 15 орчим хүн жолоочийг барихыг оролдож, онгорхой цонхоор татан гаргахаар хичээжээ. Жолооч зорчигчийн цонхоор зугтахыг оролдсон боловч цагдаа нар ирж, түүнийг баривчилсан байна.
Сүүлийн жилүүдэд Германд автомашинаар олон хүн рүү дайрах халдлага нэмэгдэж байна. 2024 оны 12-р сард Магдебург хотын Зул сарын зах дээр машинтай этгээд явган зорчигчид руу дайрсны улмаас 6 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж байв.
Эх сурвалж: BBC

