АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, Ираны байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчингүй болоход тун ойрхон байгаа гэж мэдэгджээ.
Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Ирантай хийсэн гал зогсоох тохиролцооны нөхцөл байдлыг “сэхээнд дусал залгуулаад хэвтэж байна” хэмээн зүйрлэж хэлсэн нь уг тохиролцоог цуцлахад ойрхон, “маш сул дорой байна” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Ням гарагт Ираны эрх баригчид АНУ-ын тавьсан сүүлийн саналын хариуг өгсөн аж. Трамп уг хариу саналыг уншиж үзээд “Надад таалагдсангүй. Хүлээн авч чадахгүй” гэж мэдэгджээ.
Харин Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай улсынхаа тавьсан саналыг “хариуцлагатай”, “өгөөмөр” гэж тодорхойлсон байна.
Ираны саналд Ливан дахь Хезболлагийн эсрэг Израилийн байлдааны ажиллагааг оролцуулаад бүх фронт дээр дайны галыг зогсоох, Ираны боомтуудыг хаасан АНУ-ын тэнгисийн бүслэлтийг цуцлах, Ираны нутагт дэвсгэрт цаашид дахин халдахгүй байх баталгаа өгөх нөхцөлүүд тусгагдсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC

