АНУ-ын Мэн мужийн Камден хотын нэгэн хувийн эдлэн газраас дуудлага худалдаачин Кажа Вейллюкд дуудлага ирсэн байна. Энэ эдлэн газар дахь байшингийн дээврийн хонгилоос XVII зууны үеийн малгай өмссөн, залуу эмэгтэйн зураг олджээ.
“Thomaston Place” дуудлага худалдааны галерейг үүсгэн байгуулагч Вэйллюк хэвлэлийнхэнд “Айлын дуудлагаар явахдаа ихэвчлэн юу олохоо мэдэхгүй очдог. Энэ айлын байшин гайхамшгаар дүүрэн байсан ч дээврийн хөндийд овоолсон урлагийн бүтээл дундаас бид энэ гайхалтай хөргийг олсон” гэж ярьжээ.
Уг уран бүтээлийг Голландын мастер Рембрандтын хэв маягаар зурсан бололтой. Жаазны урвуу тал дээрх шошго түүнийх гэж урлагийн түүхчид үзсэн байна. Филадельфийн урлагийн музейнх бололтой цаасан дээр уг зургийг 1970 онд музейд зээлээр өгсөн гэж дурдсан байжээ. Тус музей эл зургийг зээлж авсан эсэхээ мэдэхгүй байна. Музейн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийдөө… хуудас эсвэл шошго нь урлагийн бүтээлийг заавал баталгаажуулдаггүй. Мэдээж илүү их ажил шаардагдах болно” гэжээ.
Шинжээч нар энэ зургийг “Рембрандтын дараа” гэж тодорхойлсон байна. Учир нь алдарт зураачийн хэв маягийг дуурайсан, хуулбар гэж уг зургийг үзжээ.
“Залуу охины хөрөг” гэж нэрлэсэн уг зургийг Пенсильвани мужийн Филадельфи хот дахь хувийн цуглуулагчийнх гэж тодорхойлсон байна. “Thomaston Place” дуудлага худалдаанд үүнийг 1.4 сая ам.доллар үнэлжээ. Энэ зургийн жинхэнэ эзэн хэн болохоос шалтгаалж, энэ үнэ хэзээ нэгэн цагт өсөх магадлалтай ажээ.
Б.Мөнхзул

