Засгийн газар 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлаж, үндэсний бичиг, соёлын түүхэнд холбогдох Цогт хунтайжийн бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр 394 дүгээр тогтоол гарсан юм. Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан үндэсний музей, Төв аймгийн Соёл, урлагийн газар, “Хөх бичиг” бичиг соёлын академи хамтран, “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” уран бичлэгийн улсын уралдаан, үзэсгэлэнг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Дуутын хадны дурсгалт газарт энэ сарын 4-нд зохион байгууллаа.
Энэ уралдааны уран бүтээлчийн ангилалд
- Зураач Б.Содномдаржаа,
- Зураач О.Ням-Очир,
- Зураач М.Эрдэмбилэг,
- Зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар нарын бүтээл шалгарлаа.

Энэ үеэр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газраас нутгийн иргэдийн дунд сайхан айраг шалгаруулах, хуруудах, дэмбээдэх тэмцээн зохион байгуулав. Чингис хаан үндэсний музейн боловсролын хөтөлбөрт 70 гаруй хүүхэд, залуучууд оролцож, Дуутын хадан дээрх бичээсийн дардсыг цаасан дээр дарж аван, хадгаллаа.

