NFL, Apple Music болон Roc Nation 2-р сарын 9-нд болох “Caesars Superdome”-ийн завсарлагааны баярыг Ламар удирдан явуулна гэж ням гарагт зарласан. “Грэмми”-ийн 17 шагнал хүртсэн рэп од “Америкийн үндэсний хөл бөмбөгийн лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд хип хоп дуу дуулахаар тэсэн ядан хүлээж байгаа аж. “Euphoria” хөлбөмбөгийн талбай дээр Америкийн асар том далбааны өмнө зогсоод, шүтэн бишрэгчдэдээ энэ тухайгаа зарласан бичлэгээ тэрээр олон нийтийн сүлжээнд тавьсан байна. “Намайг Кендрик Ламар гэдэг. Би “Super Bowl LIX”-д тоглох болно. Рэп хөгжим өнөө хүртэл хамгийн их нөлөө үзүүлсэн төрөл хэвээр байна. Тэгээд би Дэлхий дахинд яагаад гэдгийг сануулах болно” гэжээ. 2022 онд тэрээр Др Дре, Снуп Догг нартай хамт уг тэмцээний нээлтэд зочны хувиар дуулсан юм.
Ламар 2012 онд “Good kid, m.A.A.d city” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш амжилтад хүрсэн. Репперийн хамгийн сүүлийн цомог “Mr. Morale & The Big Steppers” 2022 онд гарсан юм. Тэрээр “Like That” дуунд Future болон Metro Boomin нартай хамтран, гурван долоо хоногийн турш “Billboard Hot 100”-г тэргүүлсэн билээ.
2017 онд гаргасан “DAMN” цомгоороо “Пулитцер”-ын шагналыг дуу хөгжмийн төрөлд хүртэн, энэ нэр хүндтэй шагналаар шагнуулсан анхны рэппер болж, түүхэнд бичигдсэн юм. “Пулитцер”-ын шагналын хороо Кендрик Ламарыг “DAMN” цомгоороо дамжуулан, орчин үеийн африк-америк хүнд тулгардаг ноцтой асуудлуудыг хөндөж чадсан хэмээн үнэлж, энэ шагналыг олгосон байна. Дашрамд дурдахад, “Пулитцер”-ын шагналыг өмнө нь дуу хөгжмийн сонгодог эсвэл жазз уран бүтээлд олгодог байв.
Б.Мөнхзул

