Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мөстөл судлалын салбар Алтайн Таванбогд уулын мөнх цас, мөсөн голуудад 6 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5 хүртэл нийт 76 хоног тасралтгүй ажиллажээ. Тус салбарын судлаачид өндөр уулын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа болон мөс, мөсөн голуудын хайлалт, огшилт, хуримтлалыг ажиглан, Потанины, Александрын мөсөн гол, түүнээс эх авч буй Цагаан голын усыг судалсан байна.
Энэ жил Таванбогд орчимд 8 дугаар сарын 5-ны өдөр 15.3 хэм дулаан байсан бол 9 дүгээр сарын 2-нд -3.1 хэм хүйтэн байв. Өнгөрсөн өвөл энэ хавьд цас их орсон ч мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлжээ. Үүнийг дагаад, Цагаан голын усны түвшин их байв. Далайн түвшнээс дээш 4080 м өндөрт байрлах, цас, мөс хуримтлагддаг бүсэд байрлуулсан шонгуудын хэмжилтээс үзвэл энэ жил мөнх цас 213 см хайлсан байна. Мөсөн гол доод хэсэгтээ 392 см, дээд хэсэгтээ 251см хайлжээ.
Япон улсын Нагоягийн их сургуулийн мөстлөг судалдаг судлаачидтай Мөстөл судлалын салбарын судлаачид 12 хоног хамтарсан судалгаа хийн, хуримтлалын цэгт мөсний гүний температур хэмжих сенсорууд суурилуулж, Малчин уулын автомат станцын хажууд автомат тунадас хэмжих хурын хувин байрлуулжээ. Мөсөн голд Нарны цацраг хэмжих багаж, нүх сүв хэмжих автомат багаж суурилуулсан байна.