horoscope
horoscope
horoscope
user

Өмнөговь аймаг орон нутгийн бонд гаргахаар судалж байна

post-img

Өмнөговь аймаг орон нутгийн бонд гаргахаар судалж байна. Энэ ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Мандал капитал маркетс” ҮЦК шалгарч, тус аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулжээ. 

Тус аймгийн ИТХ энэ 7 хоногт ээлжит бусаар хуралдан, хэлэлцсэн асуудлын дунд орон нутгийн бонд багтжээ. ИТХ-ын 33 төлөөлөгч уг хуралд сууж, “Мандал капитал маркетс” ҮЦК-ийн танилцуулгыг сонссон байна. 

Уг бондын мөнгөөр Даланзадгадад 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих юм. Уг станцыг бондоор санхүүжүүлэх боломжтой эсэх, боломжтой бол хэдий хэмжээний бонд гаргах шаардлагатай вэ гэдэг судалгаа хийж байна.

Хэрвээ тус станцыг бондоор санхүүжүүлэх боломжтой бол гаргах бондын хэмжээг тодорхой болгоод, Засгийн газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрөл авна. Үүний дараа бонд гаргах боломжтой болох юм байна.

Хэрвээ Өмнөговь аймаг бонд гаргавал орон нутгийн бонд гаргасан анхны аймаг болно. Үүний өмнө Улаанбаатар хот бонд гаргасан юм. Одоогоор манай улсад Засгийн газар, нийслэлийн ЗДТГ бонд гаргаад байна. 

Өнөөдрийн байдлаар Даланзадгадын Дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол элэгдэж хуучирсан, хуучин технологитой, аймгийн төвийн хэрэглэгчдийг дулаанаар, бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангахдаа хүчин чадал дутагдаж байгаа юм. 

Даланзадгад өргөжин тэлж байгаатай холбоотойгоор цахилгаан, дулаан хэрэглэгч олширч байгаа аж. Тэднийг дулаанаар хангахын тулд  50 МВт-ын ДЦС барихаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь орон нутгийн төсвөөр хийлгэжээ. Уг ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл дэмжсэн байна. 

1
0/1000