Сэлэнгэ аймгийн төвд “Райд Монголиа” ХХК 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж эхэлсэн. Одоогоор тус компани барилгын сууриа цутгаад дуусаж байгаа аж. Уг станцыг барихад 108.4 сая ам.доллар шаардлагатай. “Ride Mongolia” ХХК өөрийн хөрөнгөөр эл станцыг 2 жилийн дотор барихаар төлөвлөжээ.
Тус станц жилд 285.9 сая КВт цахилгаан, 373 мянган гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Энэ нь Сэлэнгийн хэрэглэгчдийн одоо хэрэглэж буй цахилгаан, дулаанаас 5 дахин ихийг үйлдвэрлэнэ гэсэн үг.

Засгийн газрын “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу энэ станцад зориулан, гадаадаас оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газар өнгөрсөн 8 дугаар сард зөвшөөрсөн юм.

Тус станцын эхний хэсгийг 2025 онд, хоёр дах хэсгийг 2026 онд ашиглалтад оруулна. Энэ станц тус аймгийн Түшиг сумын нутаг дахь Хужиртын уурхайгаас нүүрсээ авах юм байна. Уг ДЦС ашиглалтад орвол 200 гаруй хүн ажилтай болж, цахилгаан, дулааны төлбөр 3 дахин хямдрах боломжтой гэж одоогоор тооцож байна.

