Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар энэ жилийг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний хурал, тэмцээн уралдаан зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байгаа билээ. Өнгөрөгч сард гэхэд ахлагч бүрэлдэхүүний дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд зохион байгуулж, НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 18 дугаар ангийн хамт хамт олны зохион бүтээсэн “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч” бүтээл хоёрдугаар байранд шалгарсан юм. Энэ бол бидний амжилт, бидний бахархал хэмээн бахдан ярьж, өөрийгөө болон хамт олноо боломж хаана байна, боломжийг алдалгүй атгаж авахыг хүсдэг Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА18-р ангийн захирагч, ахмад Сүхтөмөрийн Буян-Арвижихыг уншигч та бүхэнтэй Nematimes булангаар дамжуулан танилцуулж байна.
Миний хувьд СХД-ийн ЕБС -ийн 65-р сургуулийг 2011 онд төгсөн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцаж 2015 онд Онцгой байдал ажил Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Анх ОБЕГ-аас тушаалаа аваад 10 жилээс онцгой байдлын сургуульд орж төгссөн учир салаан даргаар биш бага даргаар томилно гээд бараг онцгой байдлын түүхэнд бакалавртай бага даргаар томилогдсон дөрвөн шинэхэн офицер Орхон аймгийн 56-р ангид бага даргаар томилогдож ажлын гараа маань эхэлж байсан юм. Дөрвүүлээ нэг байранд хамт амьдардаг шинэхэн болоод ч тэр үү ажлыг умалзуулдаг байлаа. Тэр үед Орхон аймагт ОБЕГ-аас офицер бүрэлдэхүүний түвшин тогтоох шалгалт авах сургаар нэлээн бэлдэж байгаад шалгалт өгсөн. Ингээд ангийн Билгүүн дэслэгчтэй хоёулаа тэнцэж шалгалтын комисст магтуулж улам их урам авч байсан. 2016 оны 04 сард НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 18-р ангид салаа даргаар томилогдоод хоёр жил ажиллаж байгаад 2018 онд Төрийн ордны гамшгаас хамгаалах тасагт Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар томилогдож 2022 он хүртэл ажилласан.
Би эцэг эхээс хоёулаа. Дээрээ нэг эгчтэй. 2012 онд сонсогч байхдаа эхнэртэйгээ танилцаж одоо гурван хүүгийн ээж аав болсон байна. Эхнэрийг маань Х.Уянга гэдэг. Төрсөн өдөр нь 02.21-нд болдог юм. 2022 оны төрсөн өдрөөр нь эхнэртээ өгөх бэлэг байдаггүй. Тэгэхээр нь томилогдсон тушаалаа бэлгэлчхэж билээ. Тэр өдөр нь өмнө ажиллаж байсан ГТУА 18-р ангидаа ангийн захирагчаар томилогдсон тушаал гарсан байсан юм. Тэр цагаас энэ үүргийг гүйцэтгэн, албандаа 13 жил ажиллаж байна. Өвөө маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг бүртгэгч байсан. Манай албанд удам дамжсан алба хаагчид цөөнгүй бий. Харин миний хувьд гэр бүлдээ анхных гэдэг утгаараа энэ албандаа цэргийн дээд цол хүртэл ажиллана гэсэн тэмүүлэлтэй байна. Би ааваасаа л их зүйлийг суралцсан. Аав минь ажилд хичээнгүй шударга маш их тэвчээртэй. Хүнд “за” гэж хэлсэн бол хэлсэн амандаа хүрч бай гэж сургадаг байсан. ДХИС-ийн багш нараасаа их зүйлийг сурч мэдсэн. Ажлын талбар дээр олон жил ажилласан офицер, ахлагч нараасаа их суралцаж байна даа. Мөн НОБГ, ОБЕГ-ын удирдлага, бүрэлдэхүүний үг хэллэг биеэ авч яваа байдлаас нь суралцсаар явна.
Онцгой байдлын алба маань илүү өргөжин тэлж зөвхөн бид олон улсаас суралцах биш олон улсад гал, гамшгийн чиглэлээр бид сургалт зохион байгуулдаг, манай сургуульд гадаад улсын их дээд сургуулиас ирж суралцдаг болоосой гэсэн том мөрөөдөл байна. Мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэж буй алба хаагчдын хувьд хамгийн түрүүнд албаа гэсэн чин сэтгэлтэй байгаасай. Энэ алба танд хүссэн хэмжээгээр цалин хөлс өгөхгүй ч, мөнгөөр худалдаж авах боломжгүй нэр төр, сэтгэл ханамжийн баталгаа, итгэл найдвар өгнө гэдгийг хэлмээр санагддаг. Би онцгойг биш, онцгой намайг сонгосон гэж баярлаж хичээж явдаг юм. Ёстой л хувь заяагаараа албатайгаа холбогдсон юм болов уу. Заяасан зам нь энэ юм бол, явсан замаа тод үлдээх ёстой байх. Тиймээс хүн ажил мэргэжилдээ эзэн байж, хийсэн бүтээсэн зүйлтэй байх, гишгэсэн мөр нь арилсан ч хийж бүтээсэн мөр нь тод үлдэх, тод үлдээхийн төлөө хичээх хэрэгтэй л гэж боддог юм.
Манай ангийн алба хаагчид яг л сэтгэл зүтгэлтэй чадварлаг хамт олон доо. Миний алба, миний хамт олон бахархалтай зүйл маш их шүү дээ. Саяхан Төрийн цэргийн болон хууль сахиулахын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” шалгаруулах тэмцээнд хамт олон маань “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч” бүтээлээрээ хоёрдугаар байранд орж, албаны хэмжээнд тэргүүн байранд орсон. Энэ бол бидний амжилт.
Ангийн захирагчаар томилогдохын өмнө ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар дарга дээр дуудагдлаа. Тэгтэл “ангийн захирагч байх, алба, мэргэжил хэцүү шүү сайн ажиллаарай” гэж хэлэхэд нь “ойлголоо би ангиа шилдэг анги болгоно оо” гэж хэлээд гарсан юм. Амлалт ч гэх юм уу хэлчихсэн болохоор шилдэг хамт олон болохоор хичээсэн ч 2022 онд чадсангүй. Харин 2023 хамт олноороо хичээн ажиллаж НОБГ-ын шилдэг анги болж байсан даа. Тиймээс энэ албандаа сэтгэл гаргаад юу ч хийсэн болдог, бүтдэг гэдгийг л харуулахыг хичээдэг. Хамгийн их боддог зүйл маань гал унтраах ангиа бие даасан ямар ч гамшиг осолд ажиллах техник хүч хэрэгсэлтэй, ур чадвартай алба хаагчтай, өөрсдийн гэсэн нөөцтэй, бүх төрлийн гамшиг, осолд анхан шатанд тусламж үзүүлж чадах хэмжээний чадамжтай болгохыг л хүсэж зорьдог.
Гал түймэр гамшиг ослын давтамж тоо хохирол улам ихсэж бидний тааварлашгүй зүйлүүд их гарч байна. Иргэдийн хувьд бидний сэрэмжлүүлж байгаа мэдээ мэдээлэл, сургалтыг ойлгож ухамсарлаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, гал унтраагуур ашиглах ур чадвартай аливаа гамшиг ослын үед өөрийн болон гэр бүлийнхээ аюулыг байдлыг хангах хэмжээний мэдлэг, ойлголттой байгаасай, мэдэхийн төлөө хичээдэг байгаасай. Энэ нь эргээд танд, амьдралд ямар ч үед хохирол амсахгүй байх баталгаа шүү гэдгийг ухаараасай л гэж хүсдэг юм.